|
Намтар
Зохиолч, яруу найрагч, уран зохиол судлаач Цэнд-Аюушийн Буянзаяа 1972 онд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. 1990 онд Булган аймгийн 10 жилийн 1-р сургууль, 1994 онд Монгол Улсын Боловсролын Их сургууль тус тус төгссөн. Уран зохиолын багш, утга зохиол судлаач мэргэжилтэй. 2002 онд “Монгол уран зохиолын уламжлал, шинэчлэл” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан.
Ц.Буянзаяа нь:
-1994-1997 онд ТЕГ-т судалгааны ажилтан,
-1997-1998 онд Монголын радиод уран зохиолын редактор,
-1998-2001 онд “Маш нууц” сонины хариуцлагатай редактор, “Улаанбаатарын мэдээ” сонины эрхлэгч,
-2001-2006 онд МЗЭ-ийн Бодлого зохицуулалтын албаны дарга, “Монгол уран зохиол” хэвлэлийн газрын ерөнхий редактораар ажиллаж байсан бөгөөд 2007 оноос хойш одоог хүртэл “Бунза консалтинг” компаний захирлаар ажиллаж байна.
Үүнээс гадна тэрээр:
-2009-2013 онд МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн,
-2013-2017 онд МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргын сонгуульт ажлыг хийж ирсэн болно. 2018 оноос эхлэн “Уран зохиолын боловсрол төв” ТББ үүсгэн байгуулан тэргүүнээр нь ажиллаж байна. Ц.Буянзаяа “Залуугийн бадгууд” шүлгийн түүвэр “Улаан шувууны жиргээ” роман туурвисан учир 2002 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, “Алтан мэлхий минь уучлаарай” өгүүллэгийн түүвэр туурвисан учир 2007 онд шилдэг бүтээлийн “Алтан-Өд” шагнал, “Цаг хугацааны далавч” шүлгийн түүвэр, “Улаан шувууны жиргээ” роман туурвисан учир 2009 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналыг тус тус хүртсэн байна.
Бүтээл туурвил
Ц.Буянзаяа нь яруу найраг, хүүрнэл зохиол, уран зохиолын төрөл зүйлээр арав гаруй ном хэвлүүлэн нийтийн хүртээл болгожээ. Тухайлбал,
Яруу найргийн төрлөөр:
-“Залуугийн бадгууд” /1997/,
-“Цаг хугацааны далавч” /2004/,
“Хүлэг морин норсон дэлээ сэгсрэх адил” /2006/,
-“Сэтгэл шинжлэл” /2008/,
-“Гүн санааны дүрс” /2012/,
-"Сайхны тухай санаанууд" /2025/ гэсэн түүврүүдийг хэвлүүлжээ.
Хүүрнэл зохиолын төрлөөр:
-“Улаан шувууны жиргээ” роман /2001/,
-“Алтан мэлхий минь уучлаарай” өгүүллэгүүд /2006/,
-“Манан дундах эрвээхэй” өгүүллэгүүд /2008/,
-“Морин уруул” роман /2015/,
-“Хар үхэр, алаг сүүдэр” роман /2018/
-“Сэтгэлзүйн тууриуд” хүүрнэл зохиолын түүвэр /2021/
-Улаагчин ингэж хэлсэн” роман /2022/ гэсэн номууд хэвлүүлсэн болно.
Уран зохиол шинжлэл, судлалаар:
“Монгол уран зохиол түүхэн товч-1 /2013/,
“Монгол уран зохиолын түүхэн товч -2” /2022
"Туурвин бичихүйн үндсэн ойлголтууд" /2026/ гэсэн бүтээлүүд хэвлүүлжээ. Мөн нийгэм, соёлын сэдэвт:
-“Хүр хорхойн засаглал” нийтлэлийн түүвэр 2008 онд хэвлүүлжээ.
Нийтлэгдсэн: 2023-01-09 16:22:31
|