ТҮГЭЭМЭЛ ХЭРЭГЛЭЭНИЙ ҮГСИЙН ДҮРМИЙН ТОЛЬ ХЭВЛЭГДЭН ГАРНА
![]() Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд монгол хэлний хэрэглээний соёл алдагдан, нийгмийн бүхий л албан харилцааны төвшинд зөв бичгийн дүрмийн алдаатай бичдэг сөрөг үзэгдэл газар авсан. Энэхүү сөрөг үзэгдэл нь нэг талаасаа хувь хүний мэдлэг чадвартай холбоотой боловч нөгөө талаасаа манай улсад монгол хэлний зөв бичгийн дүрмийн хэрэглээний горим алдагдсантай холбоотой юм. Ялангуяа нийтийн хэрэглээнд зориулсан зөв бичгийн дүрмийн толины хэрэглээ алдагдсан нь уг байдлыг бий болгоход ихээхэн нөлөөлсөн. Саяхан Монгол Улсын Төрийн хэлний зөвлөлөөс олон нийтийн дунд ялгаатай бичигдээд байгаа үг, үсгийг журамлан “Журамласан үгсийн толь”-ийг эрхлэн гаргасан нь туйлын ач холбогдолтой зүйл болсон юм. Энэ нь олон нийтийн дунд аливаа үг, үсгийг нэг янзаар бичин хэвших, даган мөрдөх үндсэн гарын авлага болоод байгаа болно. “Чөлөөт монгол” хэвлэлийн газраас энэхүү “Журамласан үгсийн толь”-ийг баримтлан “Монгол хэлний дүрмийн толь”-ийг эрхлэн гаргахаар ажиллаж байна. Бидний эрхлэн гаргахаар завдаж буй Дүрмийн толь нь олон нийтийн өдөр тутмын албан хэрэглээнд түгээмэл хэрэглэгддэг 10 мянга орчим үгийг зөв бичгийн дүрмийн хувиллаар хувилан гаргаж байгаагаараа онцлогтой болно. Энэхүү өргөн хэрэглээний үгсийн зөв бичгийн Дүрмийн толийг хэвлэн гаргаснаар албан байгууллага, хувь хүмүүсийн албан бичгийн өдөр тутмын харилцааны соёлд багагүй дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байгаа юм.
Нийтлэгдсэн: 2018-08-22 11:52:00
|