ТҮГЭЭМЭЛ ХЭРЭГЛЭЭНИЙ ҮГСИЙН ДҮРМИЙН ТОЛЬ

 

 

Аливаа улс орны бичиг үсгийн хэрэглээний соёл нь өөрийн эх хэлээрээ уран яруу, утга төгс, алдаа мадаггүй найруулан бичихийг эрхэмлэдэгт оршдог. Тэр тусмаа үгийн дүрмийн алдаагүй бичнэ гэдэг бол хувь хүний төдийгүй улс үндэстний бичиг үсгийн хэрэглээ, соёлын чухал үзүүлэлт юм. Монгол хэл нь арвин баялаг үгийн сантай, эртнээс эдүгээг хүртэл өвлөгдөн ирсэн сонгодог бичгийн өвтэй, хүн төрөлхтний бичиг үсгийн соёлд өөрийн гэсэн давтагдашгүй өнгө төрхтэй яруу сайхан хэл билээ. Ялангуяа худам монгол бичгийн баялаг өв сан, сонгодог уламжлал өнөөдөр бидэнд өвлөгдөн ирсэн нь монгол хэлний язгуур угсааг тодорхойлоод зогсохгүй монголчуудын хэл бичгийн хэрэглээний соёлын гайхамшгийг таниулж байдаг болно.

Сүүлийн жилүүдэд монгол хэлний хэрэглээний соёл алдагдан,  үсгийн дүрмийн алдаатай бичдэг байдал нийтлэг болсныг олон жишээгээр дурдаж болох юм. Ялангуяа өдөр тутмын харилцааны албан бичиг, сонин сэтгүүлийн нүүр хуудас дүрмийн алдаатай, утгын алдаатай, найруулгын алдаатай бичвэрийг нийтэд түгээдэг байдал газар авсан гэхэд хилсдэхгүй билээ. Иймээс албан хэрэглээний зориулалтаар хэрэглээний үгсийн дүрмийн толь гарган олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зайлшгүй шаардлага бий болоод байгаа юм. Цаг үеийн энэхүү шаардлагын дагуу Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-өөс “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг эрхлэн гаргасан нь чухам “нүдээ олсон” үйл явдал болсон билээ. Уг “Журамласан толь”-оор сүүлийн жилүүдэд харилцан адилгүй янз бүрээр бичигддэг болоод байсан олон арван үгсийг хэрэглээний нэг горимонд шилжүүлэн цэгцэлсэн нь монгол хэлний хэрэглээний соёлд дэвшил гаргах чухал алхам боллоо гэж үзэж болох юм. Тиймээс цаашдаа “Журамласан толь”-ийг үгсийн дүрмийн тулгуур толь болгон баримтлан эх хэлний соёл, хэрэглээнд чухал ач холбогдолтой олон арван толь бичиг гарах нь зүйн хэрэг билээ. Бидний зүгээс олон нийтийн бичиг үсгийн хэрэглээний соёлд өөрсдийн өчүүхэн хувь нэмрийг оруулахын үүднээс энэхүү “Журамласан толь”-ийг баримтлан монгол хэлний түгээмэл хэрэглээний үгсийн “Дүрмийн толь”-ийг эрхлэн гаргаж байгаа болно. Энэхүү “Дүрмийн толь”-д өдөр тутмын албан харилцаанд түгээмэл хэрэглэгддэг арван мянга орчим үгсийг багтаасан бөгөөд тэдгээрийн дөрвөн мянга орчим нь нэр үгс, зургаан мянга орчим нь үйл үгс болно. “Хэлний бодлогын үндэсний зөвлөл”-өөс эрхлэн гаргасан “Журамласан толь” нь монгол хэлний нийт толгой үгсийг багтаахын тулд тодорхой үгсийг сонгон авч уг үгтэйгээ адил төстэй үгсийг багцлан кодолж гаргасан бол бидний эрхлэн гаргаж буй “Дүрмийн толь” нь сонгон авсан арван мянга орчим үгсээ нэг бүрчлэн дүрмийн дагуу дагавар, нөхцөлөөр нь хувилган бичсэнээрээ онцлогтой. Энэ нь олон нийтийн хэрэгцээнд илүү энгийн хэрэглээтэй дүрмийн толийг зориулан гаргах бидний зорилготой холбогдож байгаа юм. Монгол хэлний толгой үгс нь хэдэн арван мянгаар тоологдох учир тэр бүхнийг нэг бүрчлэн дүрмийн дагуу хувилган бичих нь толь бүтээх талаасаа ч, хэрэглээ талаасаа ч ихээхэн төвөгтэй байдлыг үүсгэх нь ойлгомжтой. Иймд бидний зүгээс өдөр тутмын хэрэглээнд аль болохоор өргөн хэрэглэгддэг үгсийг дүрмийн дагуу, алдаа мадаггүй зөв  бичихэд нь олон нийтэд багахан ч атугай нэмэр болох болов уу хэмээн найдан энэхүү “Дүрмийн толь”-ийг эрхлэн гаргаж байгаа болно. Толь бичгийг бүтээх үйлсэд хамтран оролцож, зөвлөн тусалсан МУБИС-ийн Нийгмийн ухааны сургуулийн Монгол хэлний тэнхимийн эрхлэгч доктор, профессор Ш.Баттөгс, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн  хурлын төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат нартаа талархал илэрхийлье. Мөн энэхүү толь бичгийг бүтээх  хүнд  ажлын гол ачааг нуруундаа үүрч, цаг наргүй ажилласан “Дүрмийн толь”-ийн хариуцлагтай редактор  хэлбичигийн ухааны доктор Г.Даваажаргал, хэвлэлийн дизайнер, гэрэл зурагчин Э.Цэрэнбаяр нартаа баярласнаа илэрхийлье. Та бүхний минь үйлс үргэлжид гэрэлтэж явахын ерөөлийг өргөе.

Эх хэлний маань яруу сайхан хэрэглээ үеийн үед өвлөгдөн үргэлжлэх болтугай.

Эрхлэн гаргагчид


Нийтлэгдсэн: 2018-10-22 07:39:23