Мэдээллийн үнэ цэнэ

Үндэстний сэтгэлгээний нийтлэг хандлага гээч зүйл шинээр бүрэлддэг, өнгөрсөнөө эргэн давтдаг, нэгэн хэв маягаа урт удаан хугацаанд тогтоон барихыг эрмэлздэг, тодорхой орчин нөхцөл бүрэлдэхэд хувьсан өөрчлөгддөг..: гэх мэт олон хэв маяг, шинж төрхийг агуулдаг аж. Тэр тусмаа тухайн үндэстний сэтгэлгээний ижилсэх хэв маяг нь хамгийн түгээмэл зүй тогтолтой бөгөөд тэр нь эерэг, сөрөг олон үр дагаврыг дагуулдаг онцлогтой. Учир нь аливаа улс үндэстний олон нийтийн хандлага тодорхой нэг зүйл дээр төвлөрөн нэгдэж чадсан тэр тохиолдолд нийгэмд хувьсал хөдөлгөөн бий болох, ухамсарын сэргэлт үүсэхийн зэрэгцээ нийтээрээ нэг зүйл рүү хэт туйлширах байдал ч бий болдог ажээ.

Ялангуяа ямар нэгэн нийгмийн хувьсал, хөдөлгөөний дараа тухайн үндэстэнд нийгмийн сэтгэлгээний нийтлэг хэв маяг шинээр бүрэлдэн бий болох үйл явц тодорхой хугацаанд өрнөдөг бөгөөд тэрхүү үйл явц нь нийгмийнхээ дотоод ухамсарыг бүрдүүлээд зогсохгүй хувь хүмүүсийн хандлага, ухамсарт нөлөөлөн тогтоншдог зүй тогтолтой аж.

Манай улсад 1990 –ээд онд үүссэн чөлөөт ардчилсан нийгэмд шилжих үйл явц нь өнгөн талдаа хүний заяагдмал эрхийг дээдэлсэн улс төрийн хэв маяг, хувийн өмчид тулгуурласан зах зээлийн эдийн засгийн хэв маягийг бий болгохын зэрэгцээ энэхүү шинэ нийгмийн дотоод ухамсарыг бүрдүүлэгч үндэсний сэтгэлгээний нийтлэг хэв маягийг бүрдүүлэх нөхцлийг үүсгэсэн он жилүүд байсан билээ. Гэвч харамсалтай нь манай нийгмийн хувьд улс төрийн шинэ тогтолцоог нэвтрүүлэх, чөлөөт зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх тал дээр алдаа, оноотой ч гэсэн зонхилон анхаараад нийгмийнхээ дотоод ухамсарын шинээр бүрэлдэн бий болох явцыг гаргуунд нь хаячихсан хэмээн үзэж болно.

Үүний үр дүнд нийгмийн оюун санааг бүрдүүлэгч иргэдийн ухамсарын хандлага, ёсзүйн хэм хэмжээ, хүн хоорондын харилцааны хэв маягт сөрөг зүйлүүд нөхцөлдөн бүрэлджээ. товчхондоо энэ бүхэн нь манай нийгэмд үүссэн оюун санааны  хямралын үндсэн шалтгаан болсон байна. Одоо манай нийгэмд нэгэнт хэвийн үзэгдэл болсон мухар сүсэг, хүн хоорондын өмчинд хэт шүтсэн бурангуй харилцаа, ямар ч үр ашиггүй алдар нэр, цол гуншин хөөцөлдөх ичгүүр, сонжуургүй байдал, мэдлэг, мэргэжлээр эрх мэдэлд дулдуйдан албан тушаалд хүрч байгаа ёс бус үйлдлээ хэвийн явдал гэж үздэг байдал, хууль хүчний байгууллагад хувийн харилцаагаар нөлөөлөхөө давуу байдал хэмээн ойлгох ойлголт зэрэг тоо томшгүй сөрөг хандлагууд бий болсон нь эцсийн дүндээ үндэсний ухамсар, сэтгэлгээний нийтлэг хандлагын шинэ хэв маяг болон бүрэлдсэн болно. Үүний үр дүнд нийгмийн амьдралд болж буй үйл явдлуудыг зөвхөн нэг талаас нь хардаг, олон нийтийн дунд түгэн дэлгэрсэн хов жив, албан бус мэдээлэлд нийтээрээ итгэдэг гаж хандлага бий болсон билээ. Нэг ёсондоо бид ухамсаргүй, ёс зүйгүй, мэдлэггүй, бурангуй байдлаа нийтээрээ хэвийн үзэгдэл хэмээн үздэг болсон.

Уг нь бидний амьдарч буй чөлөөт нийгэм маань олон ургальч үзлийг хүндэтгэн үздэг, хувь хүмүүсийн харилцан адилгүй үзэл бодол, амьдралын хэв маяг дээр оршин тогтдог абсурд шинжийг хүлээн зөвшөөрдөг нийгэм юм. Гэвч бид амьдарч буй нийгмийнхээ тэрхүү давуу байдлыг үл ашиглан мэдээллийн нэг туйлт хандлагаар мэдээллийн орчноо бүрдүүлж байна. Үнэн чанартаа нийгэм бол мэдээллийн орчин, тиймээс бид мэдээллээр дамжин ухамсар, сэтгэлгээний төлөв байдлаа бүрдүүлдэг. Улс хоорондын хөгжлийн ялгаа нэн тэргүүнд мэдээллийн ялгаандаа оршдог зүй тогтолтой. Мэдээллийн ялгаанаас үүдэлтэй соёлын ялгаа нь улс төр, эдийн засгаас эхлээд өдөр тутмын ахуй амьдралын үйл явдалд нөлөөллөө үзүүлдэг бөгөөд энэ нь цаашдаа улс үндэстний төдийгүй, хувь хүмүүсийн хөгжилд шууд нөлөөлдөг юм.

Иймээс аливаа улс үндэстэн иргэдээ мэдээлэлжүүлэх, хувь хүмүүс  мэдээллийн үнэ цэнийг үнэлэн үздэг болох нь чухал ач холбогдолтой юм. Ялангуяа хувь хүн өөрт хэрэгтэй янз бүрийн мэргэжлийн болон цаг үеийн мэдээлэл олж авахын тулд ач холбогдол өгч хэвших хувь хүний хөгжлийг нэмэгдүүлээд зогсохгүй нийгэм дэх сэтгэлгээний ижилсэлийн доройтлыг арилгах гол арга зам болдог зүй тогтолтой билээ. 


Нийтлэгдсэн: 2018-08-28 05:39:58