ШИНЭ ФЕОДАЛИЗМ
Орчин үеийн нийгэм, улс төрийн амьдралд “хар гар”-аа гүн гүнзгий шургуулан нийгмийн баялагаас хулгайлахын хэрээр хэмжээ хязгааргүй хөлжин баяжиж байгаа хэсэг бүлэг хүмүүсийг олон улсын төвшинд дахин эргэж ирсэн феодалууд буюу шинэ феодалууд хэмээн нэрлэж тэдний бий болгосон ашиг сонирхолын тогтолцоог шинэ феодализм гэж томьёолдог болоод байна. Манай улсад үр хөврөлөө нэгэнт ургуулж тариад үндэс мөчир нь хүчирхэгжин бэхэжсэн энэ асуудал дэлхийн олон улс оронд тэр тусмаа ардчиллын үлгэр жишээ болсон орнуудын нийгэмд тулгараад буй нэлээн ноцтой асуудлуудын нэг болоод байгаа аж. Иймээс шинэ феодализмын энэхүү аюулыг онолын үндэслэлтэй судлан, хор хөнөөлийг нь таслан зогсоох талаар судлаачид, хэвлэн нийтлэгчид багагүй тэмцэл өрнүүлж байна. Аливаа зүйлийн гажуудлыг зөв таних нь засаж залруулахын эхлэл болдог.
Тэгэхлээр бид шинэ феодализмын тухай улс төр, нийгэм, эдийн засгийн онолын үндэслэлттэй ойлголтыг юун түрүүнд зөв мэдэж, тэрхүү сөрөг үзэгдэл нь манай нийгэмд хэрхэн оршин тогтнож буйг тодорхой ойлгох нь маш чухал билээ.
Германы философич, нийгмийн сэтгэлзүйн судлаач Хабермас шинэ феодализмын оршин тогтнох үндсийг эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдийн ашиг сонирхол болон тэдэнд худалдагдсан хэвлэл мэдээллүүдийн олон нийтэд үзүүлж буй нөлөөлөл гэсэн байдаг. Тэгэхлээр шинэ феодализм нь улс төрийн эрх мэдэлтэй байх, бизнесийн ашиг сонирхолоо хадгалах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтийн тархийг угаах гэсэн гурван төрлийн хэрнээ нэгдмэл цогц үйл ажиллагааг агуулдаг нийлэг тогтолцоотой болж таарч байгаа юм.
Үүний тодорхой жишээнд Италийн ерөнхий сайд асан Сильвио Берлусконийн бий болгосон байсан улс төрийн эрх мэдэл, эдийн засгийн сонирхол, хэвлэл мэдээллийн монополчлол юун түрүүнд нэрлэгддэг юм. Харин олон улсын нэр томьёоны тайлбаруудад шинэ феодализмыг “Эрх мэдэл, хууль ёсыг шударга бусаар ашиглан энгийн олон нийтээс давуу эрхтэй болж тусгаарлагдсан, хуучны феодалын хэв шинжийг агуулсан бүлэглэлүүд улс төрийн эрх мэдэл, эдийн засгийн бодлогыг үе уламжлан залгамжилдаг болсныг хэлнэ.
Шинэ феодализмын энэхүү ойлголт нь эдийн засаг дээр голлон төвлөрнө” гэсэн нь бий. Шинэ феодализмын тогтолцоо нь өнөө цагт үе давхаргын бүлэглэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дэх ноёрхол, үндэстэн дамнасан корпарациудын ашиг сонирхол хийгээд шинээр үүсэн бий болж буй бүлэглэлүүдийн оролцоо гэсэн өргөн хүрээтэй өөр хоорондоо торлогдон сүлжилдсэн ашиг сонирхолуудын нийлэмж дээр оршин тогтнож байгаа болно. Судлаач Марта Хюггинс, Ранди Липперт, Даниаль Коннор зэрэг хүмүүсийн энэ талаар өгүүлсэн тодорхойлолтуудыг ерөнхийд нь багцлан авч үзэхэд шинэ феодализм нь дараах хэв шинжүүдтэй байдаг аж.
Үүнд:
-Олон нийтийн хэрэглээнээс эрх ашгийн бүлэглэлүүд засаглалаар дамжуулан бизнес хийж ихээхэн хэмжээний ашиг олдог.
-Нийгмийн баялагаас иргэний хуваалцах эрхийг улс төрийн үйлдлээр хязгаарлаж эрх ашгийн бүлэглэлд давуу эрхийг эдлүүлдэг.
-Улс орны эрх ашиггүй улс төрийн үйл ажиллагаа болон эрх ашгийн төлөөх бүлэглэлүүдийн сонирхолын завсарт хууль, шударга ёсыг алдагдуулдаг.
-Ашиг сонирхолын бүлгүүдийн хүчин чадалтай төр засгийн хүчин чадал тэнцүү болдог.
-Нийгэмд шинэ феодалуудын нөлөөлөл нэмэгдэхийн хэрээр тэдний ашиг орлого улс төрийн оролцоотойгоор өсөн нэмэгдэж, үүнтэй зэрэгцэн ядуурал ихсэн, нийгэмдээ эзлэх байр суурьгүй болсон хүмүүсийн тоо хүрээгээ тэлж, тэдэн лүү чиглэсэн төр засгийн бодлого тодорхойгүй болдог гэх мэт зүйлүүд нэн тэргүүнд дурдагддаг байна. Хамгийн гол нь шинэ феодализм нь улс төрийн “үйлдвэрлэл”-ээр буюу эрх мэдлээр л бий болдог аж.
Эдгээр хэв шинжүүдээс үзэхэд манай нийгэмд шинэ феодализмын сүүдэр битүү бүрхсэн нь тодорхой байгаа бөгөөд харин ч бүр олон улс дахь шинэ феодализмын хандлагаас илүү их эрээ цээрээгүй, илүү их боловсронгуй болон “хөгжиж” байгаа нь анзаарагдаж байгаа юм. Үүнийг шинэ феодализмын мутацлагдсан монгол дахь “үүлдэр” хэмээн тодорхойлоход болох мэт санагдана.
Шинэ феодализмын хүрээлэлд ямар хүмүүс багтах вэ?, тэдний төр засаглал дахь эрх мэдлийн хэлбэршилүүд ямар байдаг вэ? гэх зэрэг асуудлууд маш чухал юм. Ихэнх хүмүүс төр засгийн өндөр албан тушаалтнууд болон тэдэнтэй ашиг сонирхолоороо нэгдсэн бизнес бүлэглэлүүд рүү анхаарлаа хандуулдаг. Мэдээж шинэ феодализмын гол зангилаа, үзүүр орой нь тэндээс л цухуйж байдаг. Гэтэл бодит байдал дээр шинэ феодализмын тогтолцоо нийгмийн гүн лүү, бүс нутаг засаг захиргааны нэгж рүү системчлэгдэн орсон байдаг нь маш аюултай юм. Тэр тусмаа бүр өөрийн гэсэн үе шаттай, дотоод нарийн зүй тогтолтой, нэг нь нөгөөгөө нөхөх чадвартай, бүс нутгаар зогсохгүй улс үндэстний хэмжээнд цаашилбал үндэстэн дамнасан үйл ажиллагаа явуулах чадамжтай байдаг нь туйлын ноцтой болно. Энэ тухай судлаач Иммануэл Баллерц “Шинэ феоадализмыг бүрдүүлж байгаа гурван төрлийн хэв маяг байна. Үүнд, улс орны хэмжээнд өөртөө засан тогтнох чадамж бүхий бүлэглэлүүд, орон нутаг дахь шатлан засаглах чадамжтай бүлэглүүд, шинэ феодализмын бүлэглэлд нэгдэхэд бэлтгэгдэж буй хэсгүүд хамрагдаж байгаа юм” хэмээн онцолсон байдаг.
Шинэ феодализм нь нийгэмд хүчтэй оршин тогтноход хамгийн гол үүргийг худалдагдсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд гүйцэтгэдэг гэдгийг судлаачид онцлон дурддаг. Тухайлбал, эрх ашгийн бүлэглэлүүд улс төрийн шийдвэрт нөлөөлөн өөрсдөд ашигтай шийдвэрээ гаргуулахын тулд олон нийт рүү болон тодорхой зорилтот бүлэг рүү чиглэсэн ПиАр-ыг идэвхтэй явуулж мэдээллийн орчин дахь нөлөөллөө тогтоодог байна. Орчин үед нийгмийн сүлжээнд ч гэсэн мэдээллийн орон зай дахь “худалдан авалт” идэвхтэй хийгдэж шинэ феодалууд богино хугацаанд нөлөөгөө бэхжүүлэх нөхцлийг бүрдүүлж байна.
Шинэ феодализмын тухай энэ мэт олон зүйлийг өгүүлж болно. Гэхдээ хамгийн гол нь нэгэнт нүүрлэчихээд байгаа энэ аюулаас улс орноо, нийгмээ яаж чөлөөлөх вэ гэдэг л хамгийн чухал юм. Энэ аюулаас улс орон, нийгмээ чөлөөлөх боломж бас байдаг гэдгийг Итали дахь Сильвио Берлускиногийн феодалжсан бүлэглэлтэй тэмцсэн олон нийтийн идэвхтэй үйл ажиллагаа харуулдаг. Тэр үед Италид төрийн үйл ажиллагаа нь Сильво Берлускиногийн бүлэглэлийн үйл ажиллагаанаас хүчгүй болсон бөгөөд Берлускиног Италийн засгийн газрын тэргүүний хувиар ажлаад байгаа юм уу, хувь хүн өөрийн компаниа төлөөлөн найз нөхдийн харилцаагаар ажиллаад байгаа юм уу гэдгийг ойлгоход төвөгтэй болсон байдаг. Үүнийг нь судлаачид нөхөрлөлөөс давсан харилцаа гэж тодорхойлсон нь бий. Италийн нийгмийн зүтгэлтнүүд улс орноо Берлускино тэргүүтэй шинэ феодалуудын ноёрхолоос чөлөөлөхийн тулд нэн тэргүүнд олон нийтэд бодит байдлыг таниулах нь чухал гэж үзсэн бөгөөд тэдний үйл ажиллагаа худалдагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжин нийтэд түгэхгүй нь тодорхой учир нийтэд зориулсан блог нээн ажилуулсан байдаг болно. Уг блогоороо дамжуулан шинэ феодалуудад “Fuck you” гэж хэлье гэсэн мессэжтэй хөдөлгөөнийг өрнүүлснээр олон нийт нийгэмдээ болж буй бурангуй үйл явдлын эсрэг нэгдмэл тэмцэлд орон ардчилсан сонгуулийн үр дүнгээр италчууд шинэ феодалуудынхаа ноёрхолыг ганхуулж чадсан аж. Тухайн үед олон нийтийн тэрхүү давалгаанд түрэгдэн эрх барих эрхээ алдахгүйн төлөө Берлускиногийн эрх баригч нам гол сүрэг хүчнийхээ намтай эвсэл болж нэгдэн сонгуульд оролцсон хэдий ч уг эвсэл нь нийт сонгогчдын олонхийн дэмжлэгийг авч чадаагүй учраас тэдний хэмжээ хязгааргүй ноёрхол үндсэндээ ганхаж, тэд феодалжсан тогтолцоогоо улайм цайм хадгалж үлдэх боломжгүй болсон байдаг. Энэ нь олон нийтийн нэгдмэл эрх ашиг, нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хийх шударга тэмцэлийг зөв хийж чадвал чөлөөт ардчилсан сонгуулийн замаар шинэ феодалуудын ноёрхолоос салж болох юм гэдгийг харуулсан бодит жишээ юм.
Ц.Буянзаяа
Нийтлэгдсэн: 2018-08-28 05:41:54
|