ҮНДСЭН ХУУЛЬ БА БИДНИЙ ОРШИХУЙ

Нэг. Ямар хууль байна тийм л төр байна.

“Ямар ард түмэн байна тийм л төр байна” гэдэг үг бий. Энэ үгийг эшлэх хандлага сүүлийн үед нэлээн түгээмэл болжээ. Улс орны амьдралд ужгирсан шударга бус байдал, эрх мэдэлтнүүдийн увайгүй үйлдэл төрийн нүүр царай, сонголтын үр дүн болж харагдаад байгаа учраас хүмүүс энэ үгийг дурдаад байгаа юм. Арга ч үгүй биз. Тэд улс орныхоо нийгмийн амьдралын бодит байдалд аргаа барахдаа л энэ үгийг эшлэн хэлж байгаа байлгүй. Нэг талаасаа энэ үгийг үнэн бодит байдлаас төдийлөн зөрөхгүй гээд хэлчихэд буруудахгүй байх. Учир нь өнөөдөр манай улсад төрийн эрх барих дээд эрхийг УИХ буюу парламент барьж байгаа. УИХ-ын гишүүд бол олон нийтийн зүгээс төрийн эрх барих үйл ажиллагаанд өөрсдийгөө төлөөлүүлэн оролцуулахаар сонгосон элч төлөөлөгчид. Тийм болохоор ард түмэн сонгосон төлөөлөгчдөөрөө дамжуулан төрийн эрхээ барьж байгаа нь энэ. Нэг ёсондоо манай ард түмэн төр засгаа удирдах хүмүүсийг өөрсдөө сонгон бүрдүүлж байгаа учраас төрийн засгаас хийгдэж буй бүхий л үйл ажиллагаа ард түмний сонголтын шууд үр дүн гэж хэлж болно. Товчхондоо бидний төр засаг бидний сонголтын үр дүнд л бий болж байгаа нь гарцаагүй үнэн юм. Тиймээс өөрсдийнхөө сонголтонд гомдлоод гоншигноод байх шаардлагагүй мэт. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ. Яг түүн шиг. Гэлээ гээд хохь нь муусайн юмнууд, яах гэж тийм адгийн шааруудыг төрийн түшээдээр сонгосон юм, сонголтоо хийж чадахгүй учир тэгээд шар махандаа хатаад хэвтэж л байна биз гэж хэлээд төр, засгийн бүх буруу булхайг олон нийт рүү чиглүүлээд хаячихаж болохгүй л дээ. Тэгэхийг хүсэгчид, санаархагчид бишгүй л байгаа. Зарим нэгэнд нь өөрсдийн бузар булхайгаа сонгогчдын сонголтонд үүрүүлээд өөрсдөө уснаас хуурай гарах хүсэл сонирхол ч бас бий. Ер нь бол олон нийтийн сонголтын үр дүн төр засгийн үнэн нүүр царайны нэг өнгө төрх гэдэг нь үнэн хэдий ч бүх өнгө төрх нь биш билээ. Төр гээч хийсвэрлэг хэрнээ бодит механизм зөвхөн сонголтоор биш үйлдлээр оршин тогтнодог. Төрийн үйлдэл бол олон нийтийн сонголтоос ч илүү төрийн “жинхэнэ” нүүр царай нь юм. Энэ бол асуудлын нөгөө тал. Төрийн жинхэнэ нүүр царай болсон үйлдлийг зөвхөн хуулиар л тогтоодог. Үүнээс улбаалан “ямар хууль байна тийм л төр байна” гэсэн гаргалгаа зүй ёсоор бий болдог билээ. Ингээд үзэхээр аливаа улс орны Үндсэн хууль бол нийгэм, төр, засгийнхаа бүхий л үйлдэл, үйл ажиллагааны үндсэн чиглүүлэгч болдог. Ямар Үндсэн хуультай байна тийм л төр улс байна гэж үзэж ч болно. Тиймээс улс орнууд Үндсэн хуулиндаа төр, засгийнхаа хэв маяг, хэм хэмжээ, үйл ажиллагааг үндсэнд нь тодорхойлон тусгасан байдаг бөгөөд нийгмийн бусад харилцааг зохицуулах хууль тогтоомжууд нь Үндсэн хуультайгаа нягт уялдаатай байхыг хуульчилан тогтоосон байдаг. Ингэхэд манай Үндсэн хууль төр засгийнхаа хэм хэмжээ, үйлдэл, үйл ажиллагааг хэрхэн зохицуулахаар хуульчлагдсан юм бол? Өнөөгийн нийгмийн амьдрал Үндсэн хууль хоёрын хооронд ямар уялдаа холбоо байна вэ?

Хоёр. Хууль бурхан биш. Гэхдээ хуулиас сайн зохицуулагч байхгүй.

1992 онд манай улс ардчилсан, шинэ Үндсэн хуулийг батлан гаргасан. Энэхүү Үндсэн хуулийн зарим зүйл заалт төрийн үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй явуулахад садаа болж байна гэж үзэн 2000 онд хэд хэдэн зүйл дээр нэмэлт өөрчлөлт хийсэн байдаг. Тухайлбал, 51 гишүүний саналаар дэмжигддэг хууль тогтоох босго үзүүлэлтийг багасгах, УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр ажиллах боломжийг нээх зэрэг зүйлс байсан. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн эцсийн зорилго нь УИХ-ын сонгуульд ялсан нам үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах, хууль тогтоогчдоос засгийн газарт ирэх дарамтыг багасгах зэрэг агуулга руу чиглэсэн байдаг. Арга ч үгүй юм. Тухайн үед Ардчилсан холбоо эвсэл УИХ-д 50 суудал авчихсан хэрнээ сөрөг хүчнийхээ бойкотод орчихоод байсан нь цаашдаа Үндсэн хуулинд өөрчлөлт хийхгүйгээр төр, засгийн үйл ажиллагаа хэвийн явагдахгүй юм байна гэсэн ойлголтыг бий болгосон билээ. Мөн Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүдээс оруулж байхгүй бол хууль тогтоох байгууллагын өмнө гүйцэтгэх засаглал хүчин мөхөсдөх нөхцөл байдал үүсдэг юм байна гэсэн ойлголт бий болсон. Үүний тодорхой жишээ М. Энхсайханы засгийн газар юм. Энэ бүхэнтэй уялдуулан үзэх юм бол 2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлт зорилго, агуулгын хувьд буруу өөрчлөлт байгаагүй билээ. Харин ч төр, засгийн үйл ажиллагааг хэвийн байлгахад чиглэсэн байдаг. Товчхондоо хийх ёстой л өөрчлөлт байсан. Харамсалтай нь тэгэхдээ амьдралд нийцсэн зөв өөрчлөлт болоогүй бөгөөд өнөөгийн засаглалын хямралын гол үндэс, парламент, засгийн газрын эрх мэдэл холилдсон, хууль тогтоогчдын ашиг сонирхол гүйцэтгэх засаглалынхаа эрх мэдэл рүү байнга чиглэсэн гажуудсан хэв маяг үүсэх нөхцлийг бүрдүүлсэн үйл явдал болчихсон юм. Энэ байдлыг яаралтай засахгүй бол гажуудал улам л газар авна. Цаашдаа Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засагдах бололцоогүй улс төр, нийгмийн хямралыг үүсгэж ч мэднэ. Тэгэхлээр гажуудал газар авчихаагүй байгаа дээр нь Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийн нэн тэргүүнд хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хоорондын зааг ялгааг тодорхой болгож гүйцэтгэх засаглалыг хуулийн хүрээнд хараат бус байдлаар үйл ажиллагаагаа явуулж, хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломжийг нь нээж өгөх ёстой. Харин хууль тогтоогчдын зүгээс гүйцэтгэх засаглалд тавих хяналтын тогтолцоог илүү нээлттэй, бодитой болгох зайлшгүй шаардлагатай. Үндсэн хуулинд оруулах өөрчлөлтийн төсөлд энэ санаа тусгагдсан байна билээ. Энэ бол яалт ч үгүй дэвшилтэт өөрчлөлт болох магадлалтай. Ер нь зарим хүмүүс дасан зохицсон ямар нэгэн зүйлдээ өөрчлөлт орохыг хүлээн зөвшөөрдөггүй. Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор олон нийтийн дунд иймэрхүү хандлага гарч байгаа нь ажиглагдаж байна. Ялангуяа Үндсэн хуулинд гар хүрч болохгүй, Үндсэн хуулинд өөрчлөлт хийнэ гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн яриа нэлээд байна. Хууль бол итгэл бишрэлийн бурхан биш бурханчилан шүтчихээд хараад суудаг зүйл бүр биш. Хууль бол нийгмийн харилцааны зохицуулагч. Тиймээс нийгэм, хүмүүсийн амьдралд гарч буй бодит нөхцөл байдалтай уялдан хууль өөрчлөгдөн шинэчлэгдэж байх шаардлагатай. Тэр өөрчлөлт нь харин явцуу биш нийтлэг эрх ашгийн төлөө л хийгдэх ёстой. Германы суут сэтгэгч Фридрих Ницше бурхан үхсэн гэж хэлсэн байдаг. Энэ үгээрээ Ницше бидний итгэж биширч, чиг баримжаагаа болгож явдаг бүх зүйл тодорхой цаг хугацааны дараа үүргээ биелүүлж чадахгүй болдог, тийм болохоор тогтсон ойлголтоо, итгэж байгаа зүйлсээ өөрөөр харах хэрэгтэй гэсэн санааг л гаргасан юм. Бидэнд нийгмээ илүү ардчилсан болгох, төр засгийнхаа үйл ажиллагааг илүү сайжруулахын тулд зарим нэг зүйлийг бурханчлан тахихаасаа татгалзах, халдаж өөрчлөх зайлшгүй шаардлага үүсээд байгаа. Үүний нэг нь Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг нь гарцаагүй.

Гурав. Хууль бол бидний оршихуй. Гэхдээ бидний хамтын оршихуй.

Хууль бидний амьдралыг зохицуулдаг юм уу, хэн нэгэн хүн бидний амьдралыг зохицуулдаг юм уу? Сүүлийн үед олон нийтийн дунд хэн нэгэн хүчирхэг хүн, сүрхий удирдагч, чанга гар бидний амьдралыг сайжруулна гэсэн ойлголт газар авч байна. Ардчилсан нийгэмд хүчирхэг хүн гээч бие хүний хөгжилтэй холбоотой яригдах зүйл болохоос биш төрийн институттэй холбогдон яригдах зүйл байж таарахгүй. Учир нь бие хүний хөгжил нь боловсрол, мэдлэг, чадвар, авьяас билэг, зохион байгуулах ур чадвар, биеийн хөгжил, гүйлгүү ухаан зэрэг зүйлстэй холбоотой хувь хүний чадварын асуудал байдаг. Харин төрийн институт бол хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээгээр хэм хэмжээ нь тогтоогддог. Тиймээс төрийн институтийн үйл ажиллагааны хүч чадал бие хүний хөгжилтэй хамааралгүйгээр хуулинд тусгагдсан эрх хэмжээгээр хэмжигддэг. Нэг ёсондоо хэн нэгэн эрх мэдэлтэн хүчирхэг байна гэдэг хувь хүнийх нь хүчирхэг байдал гэхээс илүүтэй хуулиар олгогдсон эрх мэдэлтэй нь холбоотой асуудал юм. Бид хэн нэгэн эрх мэдэлтний гаргаж буй шийдвэрийг тухайн хүний үйлдэл гэж ойлгохоос илүүтэй хуулинд тусгагдсан эрх үүрэгтэй нь холбож ойлгох ёстой. Хэрвээ тухайн эрх мэдэлтэн хуулинд тусгагдаагүй, хууль зөрчсөн шийдвэр гаргавал тэр бүхэн нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болоод хувирчихаж байгаа юм. Ингээд бодохоор улс орон нийгмийн амьдралыг хүн биш хууль л зохицуулж, чиглүүлдэг нь тодорхой болно.Төр, засгийн үйл ажиллагаа зөв байх тухай ойлголт хуультай л холбогддог. Хүчирхэг төрийн тухай ойлголт ч гэсэн хуультай л холбоотой. Төрийн засаглал бол хуулийн л засаглал юм.Тэгэхдээ аливаа улс үндэстний хуулийн засаглал Үндсэн хуультайгаа л холбогддог. Үндсэн хуулинд ямар зохицуулалт байна тэр хэв маяг нь нийгмийн амьдралыг бүхэлд нь зохицуулдаг. Нэг ёсондоо бид ямар Үндсэн хуулийн зохицуулалттай байна тэр зохицуулалт нь төрийн зүгээс гарч буй бүхий л үйлдлийн үндсэн систем болон хувирдаг гэж үзэж болно. Өнөөдөр манай Үндсэн хуулинд тусгагдсан хэд хэдэн зүйл заалт нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд хямрал бий болгосоор л байгаа. Тухайлбал, гүйцэтгэх засаглалын дотоод үйл ажиллагаанд хууль тогтоогчид нь хэтэрхий нөлөө үзүүлдэг, улсын төсөв болон бусад эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд их хурлын гишүүд явцуу эрх ашгийн үүднээс шууд оролцдог зэрэг олон сөрөг үзэгдлүүд бий. Үүнийг засаж сайжруулахын тулд Үндсэн хуулиндаа зайлшгүй өөрчлөлт хийх цаг үеийн шаардлага бий болчихоод байна.Цаг алдвал бүр хэцүү нөхцөл байдал үүснэ. Ялангуяа парламентийн засаглалаа боловсронгуй болгох, эрх баригч улс төрийн хүчнийг дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хөндлөнгийн дарамт шахалтгүйгээр хэрэгжүүлэх боломжийг нээх, гүйцэтгэх засаглалтай хийх хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, их хурлын гишүүдэд хариуцлага тооцох механизм бүрдүүлэх зэрэг өөрчлөлтүүд хийх шаардлагатай байгаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд эдгээр зүйлүүд тусгагдсан байгаа нь сайшаалтай. Гэхдээ үүнийг төслийн хэмжээнд яриад өнгөрөх биш бодитойгоор хэрэгжүүлэх нь чухал юм. Яагаад гэвэл Үндсэн хууль бол манай улсын нийгмийн амьдралын хэв маягийн бүдүүвч, явах замын зураг юм. Бид нийгмийн амьдралын бүдүүвч зургаа ямархуу байдлаар зурна тийм л хэв маягаар амьдарна, тийм л замыг туулна. Засаглалын тогтолцоонд байгаа Үндсэн хуулиас эхтэй гажуудлаа засахгүйгээр манай нийгэмд хөгжил дэвшил бий болохгүй. Орчин цагийн философич Жан Люк Нэнси “Бидний оршихуй бол бидний бусадтай хамт орших оршихуй юм” хэмээсэн байдаг. Нийгмийн амьдралын олон талт үзэгдлийг тусган томьёолсон энэхүү тодорхойлолтонд улс үндэстний Үндсэн хууль нэн тэргүүнд хамааралтай билээ. Учир нь нийгмийн харилцааны хамтын оршихуйн хамгийн гол элемент бол хуульчлагдан тогтсон харилцааны хэв маяг юм.

2019.05.09.


Нийтлэгдсэн: 2019-09-20 10:23:58