ЛИБЕРИАЛИЗМ
Либериализм хүн төрөлхтний хувьд түүх болон үлдэж байна. Дэлхий дахинд тарьсан либериал үзэл санааны балаг эцсийн цэг дээрээ очиж байна. Либериализм бол тэгш бус амьдралын хэв маягийг бий болгогч юм. Барууны орнуудын улс төр, нийгмийн амьдралын загвар болсон либериализмыг монгол хөрсөн дээр тарьж ургуулах нь хорт хавдар шиг гай зовлонг тарьж байгаа явдал юм. Үндэстэн өөрийгөө аварч үлдэхийн тулд либериализмын аюул хөнөөлөөс хол байх ёстой. Либериализмаас үүдэн бий болж буй хор уршиг нь үндэсний зан үйл, соёлын үнэт зүйлсийг үгүй хийж байна ... гэх мэт үгс сүүлийн үед манай нийгэмд ихээхэн яригддаг болжээ. Яригдаад зогсохгүй либериал үзэл санааг эсэргүүцэгчдийн бүхэл бүтэн арми бий болж байна гэхэд хилсдэхгүй. Зарим нэг хүмүүсийн хувьд бузар булай бүхний үүр уурхай болсон энэхүү либериализмын үзэл санаа гээч юм үнэхээр фашизм шиг коммунизм шиг хор уршигтай зүйл мөн үү? Либериализмын үзэл санаа дэлхий дахинд түгэн дэлгэрсэнээр бага буурай орнуудын соёл, зан заншил мөхөж, ядуу хоосны ялгаа бий болон гай зовлон газар сайгүй бий болоод байна уу? Энэ бүхний учир шалтгаан юунд оршиж байна? Эдгээр асуултууд өнөөдөр бидний өмнө тавигдаж үнэн мөнийг нь ул суурьтайгаар таньж мэдэх шаардлага зүй ёсоор урган гарч байгаа билээ. Ингэхэд либериализм гэж яг юу вэ? Либерализм нь латин хэлний liberalis буюу эрх чөлөө хэмээх үзэл санаанаас үүсэн бий болсон нийгмийн байгууламжийн тухай ойлголт юм. Энэ ойлголт нь улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн салбарыг бүхэлд нь хамардаг болно. Товчхондоо хувь хүний эрх чөлөөг нийгмийн байгууламжийнхаа суурь үзэл санаа болгон авч үздэг улс төр, нийгмийн үзэл санаа гэж үзэж болох юм. Либериализмын үзэл санааг Ж.Локк, Т.Гобс, А.Смит, Ж.Милль, Ш.Монтескью зэрэг улс төр, нийгэм, эдийн засгийн онолчид үндэслэсэн гэгддэг бөгөөд үүсэл үеийг нь аж үйлдвэрийн хөгжилтэй уялдан бий болсон өмчийн харилцааны асуудлыг зохицуулах шаардлага бий болсонтой холбон тайлбарладаг. Либериализм нь хүний эрх чөлөөг хангах, төрийн оролцоог хязгаарлах, чөлөөт эдийн засгийг хөгжүүлэх, олон ургальч үзлийг дэмжих, улс төрийн хамтын удирдлагыг тогтоох, олон эшт үзлийг хөгжүүлэх, хууль шүүхийн өмнө хүн бүхний тэгш байдлыг хангах зэрэг гол тулгуур үзэл санаануудыг үнэт зүйлсээ болгон үздэг. Энэ бүхнээс үзэхэд либериализм нь дарангуйллын засаглалын эсрэг зогсдог хувь хүний заяагдмал эрх чөлөө, үзэл бодол, өмчийн эрхийг сахин хамгаалахад чиглэсэн нийгмийн чиг баримжаа болох нь ойлгогдоно. Тэгвэл яагаад либериализмын тухай таагүй ойлголт, яриа газар аваад байна вэ? Либериализм нь хүн төрөлхтний өмнө гүйцэтгэх үүрэг, нөөц бололцоогоо шавхасан гэж ойлгож болох уу гэсэн асуултууд аяндаа урган гарна. Мөн энэ ойлголт хаанаас, яагаад бий болсон бэ? Тэр тусмаа бага буурай үндэстний соёл, зан заншилд сөрөг нөлөө үзүүлээд байна гэсэн ойлголт яагаад газар аваад байна вэ? Эдгээр асуултын хариуг олж мэдэх нь бидний хувьд зайлшгүй шаардлагатай зүйлс юм.
Өрнө дахины зарим нэгэн эдийн засгийн онолчид, нийгмийн философичид либериализмын улс төр, эдийн засаг, нийгмийн бодлого хувь хүний дур зоргыг хэт хөөрөгдсөнөөс болж олон нийтийн сайн сайхны төлөө байгуулагддаг төрийг үнэ цэнэгүйдүүлж, ард түмний ардчилсан төр оршин тогтнох бололцоог үгүй хийж байна хэмээн үздэг байна. Тухайлбал, Давосын дэлхийн эдийн засгийн форум капитализмын сүйрлийн тухай ярихдаа либериализм энэ бүх гай гамшгийг авчирсан хэмээн дурдсан гэгдэж буй. Мөн “Нээлттэй нийгэм” санг үүсгэн байгуулагч Жорж Сорос "Санхүүгийн Алхими", "Дэлхийн капитализмын хямрал", "Нээлттэй нийгэм аюулд" зэрэг номондоо төрийн зохицуулалт алдагдсанаас үүссэн либериализмын аюулыг дурдан бичсэн байдаг ажээ. Ер нь либериализмын үзэл санаа нь эдийн засаг дээр чөлөөт капитал буюу капитализмын тухай ойлголтоор хэрэгждэг гэж үзэж болно. Нэг ёсондоо хувь хүний капитал эзэмших, капитал бүтээх эрх чөлөө нь либериализмтай салшгүй холбоотой юм. Тиймээс либериализмыг шүүмжлэгчид нь капитал цөөн улс орон, цөөн хүний эзэмшилд харьяалагдсанаас болж олон нийтийн эрх ашиг хаягдаж байна хэмээн үзэж байгаа юм. Түүнчлэн капитал эзэмшигчид нь нийгмийн баялгийн дийлэнх хувийг хяналтандаа байлгадаг учраас түүгээрээ дамжуулан нийгмийн бусад салбар болох улс төр, хууль эрх зүй, хэвлэл мэдээллийг өөрсдийн хараандаа байлгаж, “эзэнчлэх” байдлаар удирдан чиглүүлдэг хэмээн либериализмыг шүүмжлэгчид үздэг юм. Нэг ёсондоо тэд либериализмын аюулыг өмчинд шүтсэн дур зоргын үзлээс үүдэн нийгэм дэх бусад үнэт зүйлс үнэгүйдэх, нийгмийн баялагт эзэмшигч цөөнхийн “баялгийн дарангуйлал”-аас бий болох “хор уршиг”-тай холбон тайлбарладаг болно. Энэ бүхнээс үүдэн үнэхээр либериализм нь хүн төрөлхтний хувьд цааш даган замнаж явах боломжгүй болсон нийгмийн чиг баримжаа болсон уу гэсэн асуулт мөн урган гарна. Гэвч арай үгүй бололтой. Либериализмыг шүүмжлэн үзэгчид байхын зэрэгцээ талархан дэмжигчид ч нэлээд байдаг аж. Тэд либериализм нь хүн бүхэнд эрх чөлөөтэй байх бүхий л нөхцлийг нь бүрдүүлж өгөх үзэл санааг суурь зарчмаа болгодог учир хамгийн зөв, эерэг нийгмийн чиг баримжаа юм хэмээн үздэг байна. Тиймээс либериализмыг талархан дэмжигч судлаачид, онолчид, эдийн засагчид эрх чөлөөг үндсэн чиг баримжаагаа болгосон нийгэм шавхагдашгүй нөөцийг өөртөө агуулж байдаг гэсэн үзэл санааг дэвшүүлдэг ажээ. Жишээлбэл, Шведийн судлаач Жохан Норбэрг “Даяаршиж буй капитализмыг хамгаалахуй” номондоо “Капитализм гэдгийг би капитал эзэмших, хөрөнгө оруулах эдийн засгийн систем гэж ойлгохгүй байна. Иймэрхүү зүйл бол командын эдийн засагт ч байдаг. Миний хэлээд байгаа байгаа зүйл бол өөрийн өмчийг эзэмших эрх, гэрээ хэлцэл хийх, янз бүрийн бизнес эрхлэх эрх чөлөөн дээр тулгуурласан өрсөлдөөн бүхий зах зээлийн либериал эдийн засаг болно. Миний хамгаалж буй зүйл бол эдийн засаг дахь хувь хүний эрх чөлөө юм” гэсэн байдаг. Сүүлийн үед дэлхийн тэргүүлэгч ардчилсан чиг баримжаа бүхий орнуудын зүгээс либериализмын хөгжлийн үйл явцад гарсан ололт, дутагдлыг шүүн тунгааж үзэх, хэтийн ирээдүйг нь шинээр тодорхойлох талаар тодорхой ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байгаа ажээ. Ялангуяа төр, засгийнхаа бодлогыг тодорхойлогч нөлөө бүхий улс төрийн хүчнүүд нь эдийн засгийн либериал үзэл санаатай нийгмийн салбаруудыг дэмжих социал демократ үзлийг уялдуулсан хөтөлбөр боловсруулах талаар анхааран ажиллаж байна. Ер нь либериалист үзэл санаа нь түгэн дэлгэрсэнээр хүн төрөлхтний хөгжилд урьд байгаагүй олон ололтуудыг бий болгосон бөгөөд тэр тусмаа хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, өмчийн эрхэнд бодитой дэвшлийг авчирсан гэж үзэгддэг байна. Тиймээс ардчилсан чиг баримжааг нийгмийн чиг баримжаагаа болгосон хөгжингүй орнууд, хөгжиж буй орнуудад либериализмыг дахин либералчлах буюу либериал чиг баримжааг улам боловсронгуй болгох талаар онолын болон судалгааны үндэслэлтэй шинэ шинэ боломжуудыг эрэн хайж байгаа ажээ. Үүний үр дүнд тодорхой ахиц гарч буй талаар дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр либериализмын шинэ сэргэлт эргэн ирж буй байна гэсэн утга бүхий мэдээллүүд гарч эхэлж байна. Харин манай улсын хувьд либериал-ардчилсан нийгмийн чиг баримжаагаар замнаад гучаад жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд хувь хүний эрх, өмчийн эрхийн асуудал бодит дэвшил гарсан нь маргашгүй үнэн юм. Гэсэн хэдий ч улс төр-бизнесийн цөөнхийн бүлэглэл нийгмийн баялгийг монополчлон эзэгнэх хандлага газар авсан нь нууц биш юм. Либериализмын үндсэн суурь зарчмаар бол улс төрчид нийгмийн амьдралыг либериал бодлогоор хөгжүүлэхийг чухалчлан анзаарч иргэдийн капитал эзэмших эрхийг тэгш боломжоор хангаж байж либериализм бодитойгоор оршин тогтнох зүй тогтолтой байдаг ажээ. Энэ бүхнээс үзэхэд либериализмын аюул манай улсад гай тариад байгаа биш либериал- ардчиллын суурь зарчмыг ганхуулсан улс төрчдийн шударга бус үйлдэл иргэдийн тэгш эрх эдлэх боломжийг алдагдуулаад байна гэж үзэж болно. Тэгш эрх эдэлнэ гэдэг нь хүн бүхэнд баялагийг тэгш хувиарлана гэсэн үг биш бөгөөд хүн бүхэн өөрийн мэдлэг, хөдөлмөр, авьяас билгээрээ өөрийн гэсэн баялаг бүтээх боломжинд нь адилхан нөхцлийг олгоно гэсэн үг юм. Түүнээс биш ямар нэгэн албан тушаалтан, эрх мэдэлтний ойр дотны хүн, эрх баригч намын гишүүн гэх зэрэг үзүүлэлтээр давуу боломж эдэлж байгаа явдал бол либериализмын үндсэн суурь ойлголтыг гажуудуулж байгаа бусармаг, жигшүүрт үйлдэл билээ. Тиймээс бид либериализмыг жигшин зэвүүцэхээсээ илүү эрх мэдэл тойрсон зүй бус үйлдлийг үл тэвчих нь шударга ёсонд нийцэх юм.
Нийтлэгдсэн: 2019-10-16 10:06:42
|