ОРОСЫН "ИЛИАДА" БА УКРАЙНЫ ДАЙН

                                                                         Агуу их үйлээс инээдэмт явдал хүртэл ганцхан алхам.

                                                                                                                               Наполеон Бонапарт

 

Оросын их зохиолч Лев Толстойн “Дайн ба энх” /1869/ роман бүх цаг үеийн шилдэг туурвилуудын тоонд зүй ёсоор ордог. Энэ роман нь монгол хэл дээр хэвлэгдээд даруй нэгэн жарныг элээсэн байх. Тиймээс “Дайн ба энх” романы тухай олон зүйлийг нуршин өгүүлэх шаардлагагүй биз ээ. Харин уг зохиолд гардаг зарим нэг үйл явдал, өгүүлэмж нь өнөөгийн дэлхий ертөнцийн амьдрал, улс хоорондын харилцаа, тэр тусмаа хүмүүсийн ухамсар, сэтгэлгээний зөрчилтөт байдалтай төстэй байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татаад байгаа юм. Тухайлбал, өдгөө манайд /манайд ч гэлтгүй хаа сайгүй л/ нэг хэсэг нь Орос, Украйны дайн нь Путины түрэмгийллээс болсон. Путин бол өнөө цагийн фашист гэцгээж байхад нөгөө хэсэг нь энэ бүхэн алиалагч Зелинскийгээс болсон. Тэр муу алиалагч хэрээ мэдэхгүй агуу Оросын өмнөөс цордойгоод ийм байдалд орж байгаа юм гэцгээж байна. Яг үүнтэй төстэй хандлага “Дайн ба энх” романд өгүүлэгддэг. Тухайлбал, тэр үеийн Франц, Оросын хооронд болсон дайныг Наполеоны эзлэн түрэмгийлэгч хандлагаас болсон, Александр хааны бодлогогүй, муйхар байдлаас үүссэн, дипломат соёл, олон улсын харилцааны алдаанаас гарсан гэх зэргээр дайны буруутанг хүмүүс янз бүрийн хандлагаар хайж байсан талаар зохиолд дурдагддаг. Түүх улиран одовч хүний мөн чанар өөрчлөгддөггүй гэдгийг тод жишээ энэ юм.

Ер нь хүн төрөлхтний дайны сэдэвт зохиолд Лев Толстойн  “Дайн ба энх” роман өгүүлэмжийн цар хүрээ, агуулга, үзэл санаагаараа жин дарж ирсэн, дайны мөн чанарыг өөрийн гэсэн давтагдашгүй онцлогтойгоор өгүүлсэн зохиол гэдгээрээ онцгой байр суурь эзэлдэг. Тиймдээ ч Оросын “Илиада” хэмээн үнэлэгддэг.

Романд 1805-1820-оод оныг хүртэл бараг хорь шахам жилийн үйл явдал өгүүлэгдэх бөгөөд тэрхүү үйл явдлууд нь Наполеон Бонапартын Орос руу хийсэн аян дайны дэвсгэр дээр өрнөдөг. Хэдийгээр романы багагүй хэсэгт түүхэн хүмүүсийн тухай, ялангуяа дайн дажны талаар баримтад тулгуурласан үйл явдлууд өгүүлэгдэх хэдий ч зохиолын дийлэнх хэсэг нь хүн хоорондын харилцаа, хүний мөн чанар, хайр сэтгэл, өш хонзон, хэргэм зэрэг, эд баялагт хандах хандлага зэрэг уран сайхны зохиомжит үйл явдлуудаар өрнөдөг. Тиймээс түүхэн сэдэвт зохиол гэхээсээ илүүтэйгээр уран сайхны өгүүлэмжит зохиол гэж үзэгддэг. Гэхдээ зохиогчийн зүгээс Наполеоны түрэмгийллийн үед болсон түүхэн үйл явдлуудад үнэлэлт, дүгнэлт өгсөн, тухайн цаг үеийн тэрхүү үйл явдалд хандах нийтлэг хандлагаас тэс өөр хандлагыг илэрхийлсэн, тэдгээр нь үйл явдлын дундуур эргэцүүлэл, оруулбар байдлаар өгүүлэгдсэн байдаг нь романыг баримтат, түүхэн шинжтэй болгодог. Жишээлбэл, Наполеоны арми Москваг орхин буцаж явахдаа сүйрсэн шалтгаан, Кутузов жанжины тэр үед ямар тактик, байр суурь баримталж байсан зэрэг түүхэн үйл явдалд Толстой өөрийн гэсэн сонирхолтой үндэслэл, дүгнэлтүүдийг өгсөн байдаг. Үүнээс болоод төрөл зүйлийн хувьд ээдрээтэй, төвөгтэй байдал үүсгэсэн болохыг судлаачид өгүүлсэн нь бий. Мөн үүний зэрэгцээ “Дайн ба энх” нь дайн дажны асуудлыг хүний дотоод мөн чанартай уялдуулсан байдлаар илэрхийлсэн нь анхаарал татдаг.

Зохиолын үндсэн үйл явдал Оросын язгууртны анги давхарга, тэдний төлөөлөл болох Николай, Андрей, Пьер зэрэг эрчүүд болон тэдгээр эрчүүдтэй сэтгэл зүрх, эрх ашиг, язгуур угсаагаараа холбогдсон Соня, Наташа, Марья зэрэг бүсгүйчүүдийн амьдрал, хувь заяаны талаар голлон өгүүлдэг. Үүний зэрэгцээ түүхэн болон уран сайхны хэдэн зуун баатруудын тэр үеийн түүхэн үйл явдал дахь “оролцоо”-ны тухай өгүүлдэг. Товчхондоо “Дайн ба Энх” нь 19 дүгээр зууны эхэн үеийн Оросын нийгмийн амьдралын дүр зургийг тэдгээр баатруудынхаа ертөнцөөр дамжуулан нэлээн тодорхой бүдүүвчлэн зурагласан нүсэр байгууламжтай зохиол гэж үзэж болно. Эндээс нэг зүйл нь ихээхэн анхаарал татдаг. Толстой “Дайн ба энх” хэмээх түүхэн сэдэвт зохиол туурвихдаа яагаад тийнхүү олон зуун баатруудыг амилуулав, тэдгээрээс дийлэнх нь яагаад уран сайхны дүрүүдээр илэрхийлэгдэв гэдэг асуулт аяндаа урган гарна. Энэ нь юуны өмнө Лев Толстойн хүний түүхийг үзэх философи үзэл санаатай холбогддог. Тухайн үед /тухайн үед ч гэлтгүй өнөө цагт ч тэр хандлага нийтлэг байгаа/ түүхийг цөөн хэдэн хүн л бүтээдэг гэсэн үзэл санаа ноёлж байж. Харин Толстой түүхийг хэдэн цөөхөн хүн биш тухайн цаг үед нь амьдарч байсан бүхий л хүмүүсийн харилцаа хандлага, тэдний бий болгож байгаа нэгж хэсгүүд, тэдгээрийн байр суурь, итгэл үнэмшил бий болгодог бөгөөд тэдгээрийн нийлэмж нь цогц түүхийг үүсгэдэг гэсэн ойлголттой байж. Энэ үзэл санаагаараа тэрээр Оросын түүхэнд болж өнгөрсөн нэгэн ээдрээтэй, адармаатай үеийг уран сайхны үйл явдлаар тэр үеийн хүмүүсийн нийтлэг хэв шинжийг илэрхийлсэн дүрүүдээр босгон харуулжээ гэж хэлж болох юм. Тэр тусмаа хүн гээч амьтан хожим нь хуурмаг домог зохион бодит явдлыг гоёчлон гажуудуулдаг, ялангуяа түүхчид болж өнгөрсөн явдлыг өөрсдийн үндэстний эрх ашигт нийцүүлэн тайлбарладаг. Хэрэг дээрээ түүхэнд болж өнгөрсөн ямар нэгэн онцгой үйл явдлууд нь хүний төрөлхийн аминч чанартай холбогддог тул энгийн зүйлсийн утгаас л үнэн тодорно гэж тэрээр үздэг байсан учраас тухайн цаг үеийнхээ бодит байдлыг тэр үеийн хүмүүсийн нийтлэг хандлагаар дүрслэн өгүүлэхийг зорьжээ гэж ойлгогддог. Ганцхан жишээ дурдахад “Дайн ба Энх” романд ийм нэг оруулбар хэсэг байдаг.

 “Орос орны тэн хагас нь эзлэгдэж, Москвагийн оршин суугчид алс нутаг руу дүрвэн зугтаж, эх орноо хамгаалахаар журамт цэргийнхэн дараа дараалан босож байсан тэр үед орос хүмүүс хүүхдээсээ аваад хөгшин хөвөөгөө хүртэл бүгд амь насаа өргөн эх орноо аврах уу, аль эсхүл эх орныхоо мөхөлд харамсан уйлах ийм л бодол автаад байсан юм шигээр тэр үед аж төрж байгаагүй бидэнд өөрийн эрхгүй ухаарагддаг. Тэр үеийн өгүүлэл, тодорхойлсон бичиг бүгд л амиа өгөх, эх орноо хайрлах, уй гашуу, арга барагдах, орос хүмүүсийн зориг баатарлагийн тухай өгүүлсэн байдаг. Үнэн хэрэг дээрээ энэ нь тийм байгаагүй билээ. Энэ явдадтэгж санагдаж буйн учир бол бид улиран өнгөрсөн тэр цагаас уг үеийн түүхэн ерөнхий нэг эрх ашгийг нь олж хараад, зон олонд нь байсан амь хувийн, хүн ёсны тэр бүх эрх ашгийг олж харахгүй байна... /Орч М.Шатар/”

Зөвхөн энэ шалтгаанаар л тэр олон зуун баатруудын /500 орчим/ тухай дүрслэл, өгүүлэмжүүд Толстойн романд “амилан боссон” байдаг.

Энэ бүхэнтэй уялдуулан үзэхэд өнөөдөр ч гэсэн хүн төрөлхтөн  /бид ч бас/ дайн, энхийн зөрчилтэт дэлхий ертөнцөд аж төрж байна. Түүгээр ч зогсохгүй хувь хүний байр суурь, хандлага нь хүссэн ч, эс хүссэн ч үндэстний дотоод үзэл санааны ялгарал, ижилсэл цаашилбал олон улсын төвшин дэх эрх ашиг, сонирхлын бүлэгтэй нэгдэх зүй тогтолтой билээ. Өдгөө дэлхий дахинд ОХУ-ын ерөнхийлөгч Путины бүс нутаг дахь улс үндэстнийхээ нөлөөллийн хүрээг тэлэх ашиг сонирхол,  Доналд Трампын Америкийн эрх ашгийг нэгдүгээрт тавин илүү бие даасан байдлаар хүчирхэгжүүлэх эрмэлзэл, Украйны ерөнхийлөгч Зелинскийн улс үндэстнийхээ  тусгаар, бие даасан байдал, газар нутгийг хамгаалан авч үлдэх эрх ашиг, Хятадын цэрэг армиа хүчирхэгжүүлэн олон улс дахь нөлөөллөө бэхжүүлэх сонирхол, европын улс орнуудын нэгдмэл эрх ашгаа цэрэг, зэвсгийн хүчээр ханган хамгаалах эрх ашиг... гэх мэт төвөгтэй, адармаатай ашиг сонирхлууд зөрчил, нэгдлүүдийг үүсгэсээр байна. Хүн төрөлхтөн улс үндэстэн, хил хязгаараар хязгаарлагдахгүйгээр хүссэн, хүсээгүй эдгээр ашиг сонирхлын бүлгүүдийг өөрийн улс орны ашиг сонирхолд нийцүүлэн дэмжин, эс дэмжин хуваагдах нь зүйн хэрэг. Хувь хүн ч гэсэн итгэл үнэмшил, хүсэл сонирхлоороо аль нэг талыг нь дэмжсэн, нөгөөг нь үгүйсгэсэн хандлагыг гаргаж л таарна. Хэн ямар ашиг сонирхлыг талархаж дэмжих нь ёстой л нөгөө дур зорго юм даа. Тэгэхдээ тэр бүх ашиг сонирхол, дур зорго өнөө цагийн түүхийг бүтээлцэж байгаа хүн бүхэнд хамаатай гэдгийг л мартаж болохгүй. Яагаад гэвэл ертөнцийн түүх олонхийн хандлагыг дагаад ямар хувь тавилангийн замаар бичигдэнэ улс үндэстний хийгээд хувь хүний ирээдүй ч тэр хувь тавилангийн хамааралд бичигддэг “бичигдээгүй хуультай”.

Эцэст нь өгүүлэхэд Лев Толстой зохиолоо яагаад “Дайн ба энх” хэмээн нэрлэснийг судлаачид янз бүрээр л тайлдаг байх. Энэ роман нь дээр дурдсанчлан түүхийг жинхэнэ бүтээгчид нь нэг хэсэг хүмүүс биш нийгмийг бүхэлд нь бүрдүүлж байгаа үл анзаарагдах бүлэг хэсгүүд байдаг, тэдгээр нь өөр өөрийн гэсэн эрх ашигт нэгдэн нийлдэг гэсэн үндсэн агуулгад зангилагддаг. Тэгэхдээ тэдгээр бүлэг хэсгүүдийг бүрдүүлж буй хувь хүн гээч ч өөрийн гэсэн хүсэл сонирхолтой байдаг бөгөөд тэр хүсэл сонирхол бол амьдралд тэмүүлсэн, амьдралын дунд өөрийн гэсэн оршихуйг бүтээх гэсэн  эрмэлзэл юм. Тэр нь жам ёсны үзэгдэл. Тэрхүү жам ёны үзэгдэл нь дайн дажинт хүнд бэрх үед ч гэсэн өөрийн язгуур чанараа гээлгүй оршин байдаг. Тийм болохоор хүний тэр заяагдмал чанар нь амар амгалан /энх/ оршихуйд л тэмүүлдэг гэдэг санааг ч тодорхой илэрхийлсэн байдаг. Үүгээрээ тэрээр “Дайн”, “Энх”-ийн харилцан хамаарлыг анхдагч оршихуйн буюу үүтгэгч талаас нь нээн өгүүлэхийг чухалчилсан байж болох талтай. Түүнээс биш Лев Толстой шиг хүчирхэг зохиолч хэн бүхний л мэдэх дайн дажны гай зовлон, хор хохирлыг улиг болгон бичихгүй л дээ.

                                                                                                         2025.03.07.

  


Нийтлэгдсэн: 2025-03-22 09:39:30