БОВАРИ ХАТАГТАЙ БА ОРЧИН ЦАГ
![]() Густав Флоберийн “Бовари хатагтай” /1857/ роман нь реалист хэв маягийн зохиолуудын ноён оргилуудын тоонд нэрлэгддэг. Энэ зохиолын гол дүр болох Бовари хатагтайн дүрийн талаар утга зохиолын хүрээнд олон янзаар л нээн өгүүлсэн байдаг. Эмэгтэй хүний дотоод сэтгэлийн нарийн явдлыг харуулсан маш онцгой дүр, романтик мөрөөдөл бодит ахуй хоёрын дунд зөрчилтөт байдалд орсон эмгэнэлт дүр, феминист үзэл санааг тунхагласан дүр, хотын ихэс дээдсийн амьдралаар амьдрахыг хүссэн тосгоны хүүхний өрөвдөлт дүр гэх зэргээр өгүүлсэн нь бий. Нэг үгээр хэлэхэд Флоберийн “Бовари хатагтай” романы Бовари хатагтайн дүр бол хүний амьдралыг үзэх үзэл санаа, хандлагын илэрхийллээр дамжин янз бүрийн байдлаар уншигддаг гайхалтай дүр юм. Зөвхөн Бовари хатагтай гэлтгүй түүний нөхөр Шарль Бовари ч гэсэн ихээхэн адармаатай дүр. Нэг талаас өмнөх ажлаасаа өөр юу ч мэддэггүй арчаа муутай, мэдрэмжгүй, “хөшүүн хөлдүү” нэгэн. Нөгөө талаас болохоор өөрийн сонгосон мэргэжил, амьдралдаа хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа шулуун шударгуу нэгэн. Эцсийн дүндээ золгүй хувь тавилангийн золиос болон дуусдаг азгүй нэгэн. Бас л хэн ямар өнцгөөр харахаас шалтгаалан хувьсаж болох дүр гэж хэлж болно. Зохиолын үйл явдал энэ хоёр дүрийн туулан өнгөрүүлж буй амьдрал, хувь заяаг тойрон өрнөдөг. Хөдөөгийн эгэл эмч Шарль Бовари амьдралын гараагаа хүсээгүй гэрлэлтээр буюу өөрөөсөө хавьгүй эгчмэд Элоизо хэмээх ахимаг насны бэлбэсэн эхнэртэй гэрлэн эхлүүлдэг. Гэрлэдэг ч гэж дээ эх нь түүнийг хөрөнгө хогшилтой баян эхнэртэй суулгавал амьдрал нь дээшилнэ гээд гэрлүүлчихдэг. Мэдээж хүсээгүй гэрлэлт ямар үр дагавар дагуулах нь ойлгомжтой. Шарль фермийн эзэн Руогийн охин Эммад сэтгэл татагддаг. Төд удалгүй Шарлийн эхнэр Элоизо ч өвчнөөр нас барна. Дараа нь Шарль Эмматай гэрлэдэг. Хадам эцэг Руо нь тэдний гэрлэлтэд туйлын сэтгэл хангалуун байдаг бөгөөд тэрээр ганц охиноо сайн хүнтэй гэрлүүлсэн гэдэгтээ эргэлздэггүй. Гэвч охин нь Шарльтай гэрлээд ямар ч аз жаргал үзэлгүйгээр насыг элээнэ. Товчхондоо Шарль Эммагийн мөрөөдлийн эр байгаагүй болж таардаг. Тэрээр Шарлиас илүү баян чинээлэг, сэтгэлийг нь татсан эртэй амраглан дээдсийн хүрээний зугаа цэнгэлд автаж явахыг хүсдэг. Үүнээсээ болоод хоёр ч эртэй амрагийн харилцаатай болсон боловч тэр нь бүтэлгүйтлээр дуусдаг. Эцэст нь Эмма өр ширэнд орон золгүйгээр нас нөгчинө. Гэрлэсэн цагаасаа хойш Эммад хоёргүй сэтгэлээр хандаж ирсэн Шарль ч гэсэн эхнэрийнхээ хууран мэхлэлтийг хожим олж мэдээд сэтгэлээр унан мөн л харамсалтайгаар дуусна. Хамгийн өрөвдөлтэй нь тэдний ганц охин Берте ямар ч тулах түших хүнгүйгээр хатуу ширүүн амьдралтай нүүр тулан үлддэг. Байдаг л нэг амьдралын бараан хар түүхийг өгүүлсэн энэ роман бүхий л цаг үеийн шилдэг романы тоонд яагаад ороод байдаг вэ гэж асуулт эндээс урган гарна. Энэ романыг хүчирхэг болгож байгаа гол нууц нь хаа сайгүй байдаг нийтлэг гэмээр бараан түүхийн цаана ямар ч цаг үед үл хувирах хүний дотоод мөн чанарыг нээн өгүүлсэнд оршдог гэж хэлж болох юм. Аль тэртээх 19 дүгээр зууны Францын хөдөө тосгоны амьдрал дунд “болж өнгөрсөн” тэр гунигт түүх хоёр зууныг дамнан өнөө бидний үед ч үнэ цэнээ хадгалан буй нь тэр л үл хуучрах хүчирхэг чанарт нь хадгалагдаж буй хэрэг билээ. Яагаад гэвэл Густав Флобер зөвхөн Шарль, Эмма нарын дүрийг дээр өгүүлсэнчлэн хүн бүхэнд өөр өөрөөр уншигдахаар гайхалтай “амьд” бүтээгээд зогсохгүй зохиолд гарч буй дүр бүхнээ хүний арилшгүй мөн чанартай уян өгүүлснээрээ илүү гүн гүнзгий агуулга, санааг үүсгэдэг. Энэ нь Эмма, Шарль нарын дүрээс гадна хөрөнгө, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй наймаачин Лөрө, нэр ашгийн төлөө яахаас ч сийхгүй зулгуй зальжин эмийн санч Оме нарын дүрээр илүү тод илэрхийлэгдсэн байдаг. Тэгэхээр “Бовари хатагтай” роман нь дан ганц зугаа цэнгэл, хөнгөн явдлын төлөө өөрийн амьдрал, гэр бүлээ сүйрүүлсэн Эмма бүсгүйн тухай өгүүлээд зогсохгүй, түүний эргэн тойронд буй хүмүүсийн дүрээр дамжуулан хүний нийтлэг адгийн чанаруудыг дүрслэн өгүүлсэн зохиол гэж үзэж болно. Үүгээрээ л энэ роман цаг хугацааны шалгуурыг даван үнэт чанараа хадгалдаг нь зүйн хэрэг биз ээ. Өнөөдөр ч гэсэн манай нийгэмд “Бовари хатагтай” романы дүрүүдтэй төрөлсөх “дүр төрх”-үүд маш их бий. Амьдралын эгэл ахуйг дорд үзэн нэг л их хангалуун чинээлэг харагдахыг хүсэн, тэрнийхээ төлөө орлогоосоо давсан хэрэглээнд автан зүдрэгсэд, олз ашгийн төлөө хэнийг ч зольж чадах хүний үнэргүй хонжоо хайгчид, ажил мэргэжлийн ямар ч дөргүй байж зальжин, хорчин байдлаар нэр ашиг олон явагчид гээд л тэр чигээрээ “Бовари хатагтай” романы үйл явдал дахин амилан боссон юм шиг санагдах жишээнүүд олон бий. Ганцхан жишээ хэлэхэд эмчийн ямар ч мэргэжилгүй, эмийн сангийн эзэн Оме гэх эр тосгондоо ирсэн бүх л эмч нарыг хорон аргаар зайлуулсаар эцэст нь өөрөө эмч нарын орон зайг эзэлдэг. Тэр бүү хэл ямар ч мэдлэг чадваргүй түүгээр бишрэн эмчлүүлэгчид хүрээгээ тэлж, төр засгаас нь түүнийг “Легион” одонгоор шагнадаг. Их л танил үйл явдал байгаа биз. Үүнээс гадна “Бовари хатагтай” роман нь хүний амьдралын гунигт түүхийг өгүүлсэн гэхээсээ илүүтэйгээр эгэл жирийн амьдралын үнэ цэнийг, яруу сайхныг номлосон зохиол юм. Нэг ёсондоо хүн гээч амьтны хүсэн тэмүүлдэг аз жаргал амьдралын энгийн оршихуйд байдаг бөгөөд түүнийг олж харж чадах, эсэх нь хүний билгийн нүдтэй холбоотой гэдгийг дам номлосон нь анзаарагддаг. Ийм энгийн юм шиг хэрнээ хүчирхэг үзэл санаа хүчирхэг зохиолчийн хүчирхэг бүтээлийн хамгийн алс, үл анзаарагдах орчилд нуугдан оршин байдаг билээ.
2025.04.05.
Нийтлэгдсэн: 2025-04-05 15:21:50
|