УЛААНБААТАРЫН ТҮГЖРЭЛ БА УРАН ЗОХИОЛ

 

 

Хүн бүхний амны уншлага болоод удаж буй хотын түгжрэл гээч зүйл эцэстээ ямар ч шийдэх шийдэлгүй, гарах гарцгүй болон ягтаа тулах цаг ойртсоор л байна. Өнөөдрийн нэг арга ядан, амь аргацаасан, хотын замын хөдөлгөөний урсгалыг нааш цааш нь болгож туршсан, авто замаа хоёр талаас нь өргөсөн явган хүний зам, тусгаарлах зурвас танасан хэтэрхий ухвар мөчид үйлдлүүд зүгээр л нэг “мулгуутал” байсан гэдэг нь бодитойгоор нотлогдох цаг мөдхөн ирнэ. Бодож сэтгэдэггүй хүмүүс бодит байдалтай нүүр тулж байж л ойлгоно гэсэн үг. Зарим нь ч бүр ойлгохгүй байх даа. Тэр болтол мөн ч их үр ашиггүй хөрөнгө үрсэн, цаг хугацаа барсан хачин хачин ажлууд ч ар араасаа хөвөрнө дөө. Метро бариад ч, Улаанбаатарыг дотор нь хэд хэдэн хот болгон хуваагаад ч  өнөөдрийн проблем шийдэгдэхгүй. Яагаад гэвэл нийгмийн амьдралын бүхий л харилцаа, соёл, задрал, нэгдэл, төвлөрөл, төлөвшил, сарнил, хөгжил гээч зүйлс хүн гээч амьтны ухамсарлахуйтай л холбогддог юм. Тиймээс монголчуудын нийгмийн бүлгүүд дэх нийтлэг ухамсарын хандлага өөрчлөгдөөгүй цагт хотын түгжрэл болон бусад проблемууд арилахгүй л дээ. Чин үнэндээ хотын түгжрэл гээч хүн амын шилжин суурьшилтын ачаалалтай холбогдож байгаа нь ойлгомжтой. Хөдөөнөөс хот руу чиглэсэн энэ урсгал өнөөдөр ч татраагүй байна. Жилээс жилд хотод шилжин суурьшигчид нэмэгдсээр л байна. Нэг үгээр хэлбэл энэ урсгалыг татрааж байж, энэ урсгалаас үүдэн бий болсон проблемуудыг шийдэж байж л хотын түгжрэл багасна. Түүнээс биш машины дугаартай, татвартай тэмцээд үр дүн олохгүй л дээ. Дугаар ямар ч үнэтэй байсан, татвар ямар ч хэмжээтэй байлаа гээд хүн хэрэглээгээ дагаад машин тэрэг авсаар л байх болно. Саяхан Буянгийн Жагаа хөдөөнийхөн хөдөө рүүгээ яваад өгөөч, бид хотдоо тайван амьдармаар байна гэж хэлсэн байсан. Арга барсан хүний үг байх. Олон хот болгож хуваахаас арай дээр санаа. Гэхдээ хөөж туугаад асуудлыг шийднэ гэж байхгүй л дээ. Харин буцаж явах сэтгэлгээ, буцаж явах нөхцлийг бүрдүүлэх л хэрэгтэй гэсэн үг юм. Түүний төлөө нэн тэргүүнд нийтийн ухамсар сэтгэхүй рүү чиглэсэн өргөн хүрээний, урт хугацааны ажлууд хийх шаардлагатай юм. Ур удаан хугацаанд бүрэлдэн бий болсон ухамсар, сэтгэхүйн хандлагад  өөрчлөлт оруулна гэдэг амар биш юм. Учир нь хөдөөнийхөн Улаанбаатар луу нүүн ирж суурьших сэтгэлгээг манай уран зохиол гэхэд л бараг зуу орчим жил сурталтан ухуулсан байдаг билээ. Хөдөө зэврээд яах гэсэн юм, өтөг бууцан дунд насыг барж арчаагүйтэх гээ юу, ийм сайхан хүүхэн ингээд хөдөө гандаж явах ч гэж дээ гэсэн агуулга бүхий ном зохиол манай 20 дугаар зууны уран зохиолын өв дотор маш их бий.  Нөгөө талд нь хотод очоод ажиллаж амьдарч байгаа хүн сурч боловсрон, ажиллаж амьдран “цэнгэлийн манлайг” олж буй тухай зохиол бүтээл нийт өв сангийн бараг тэн хагасыг эзэлнэ. Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” /1929/ М.Ядамсүрэнгийн “Гурван хүүхэн” /1936/, С.Дашдооровын “Говийн өндөр” /1961, 1970/ гэх мэт манай нэр хүндтэй томоохон зохиол бүтээлүүдэд ч гэсэн дээрх агуулга тэр чигээрээ агуулагдаж байгаа. Хатуу хадам, балмад харгис нөхрийн гараас амь хэлтрэн хот орон боловсрон дэвжиж буй гологдсон хүүхэн Цэрэн, хөдөөгийн сумын төвд маанаг, тэнэгээрээ дуудуулан хүн хүний зараал болж явдаг мангар Дамдин л гэхэд тэрхүү хэв шинжээр бичигдсэн зуу, зуун баатруудыг төлөөлөх дүрүүд юм. Харин нөгөө хөдөө хөхрөн гандаж яваа хүмүүсийн тухай асуудал бол манай уран зохиолын үндсэн хэв маягийг тодорхойлох гол өгүүлэмжүүдийн нэг гэхэд ер хэтийдэхгүй. Ялангуяа нийтэд өргөн дэлгэр түгэн хүрдэг дууны шүлгүүдэд энэ санаа бараг л цөм нь болдог гэж хэлж болно. Тэр тусмаа наранд шарагдан, салхинд гандан зогсоо эмгэн буурал эхийн тухай дүрслэл бол бүр ч онцгой үүрэг хүлээдэг. Энэ бүхэн хөдөөгийнхөн хот руу тэмүүлэх сэдлийг дотоод ухамсарт нь маш гүн гүнзгий тавьж өгдөг гэхэд гүтгэсэн болохгүй байх. Ийм болохоор хотод очиж амьдрах хүсэл ямар ч хүнд төрнө өө дөө. Сайн сайханд тэмүүлэх нь хүний буруу биш шүү дээ.  Тэгэхдээ энэ нь хот руу чиглэсэн их нүүдлийн цорын ганц шалтгаан биш л дээ. Нэг л том шалтгаан. Үүний хажуугаар бодит байдал гээч хамгийн гол шалтгаан байна. Хүн амын төвлөрөл дагаж зах зээл үүсдэг, ажлын байр бий болдог, соёл, олон нийтийн ажлууд өрнөдөг, үзвэр үйлчилгээ, зугаа цэнгэлийн газрууд бий болдог нь зүй ёсны хэрэг. Дэлхий даяараа л хот руу чиглэсэн урсгал хөвөрсөөр л байна. Энэ бодит байдлыг үгүйсгэн үлгэр яриад ямар ч хэрэгцээ байхгүй. Хоосон чалчаа үг болоод л замхарна. Тэгвэл яах вэ гэдэг асуудал урган гарна. Нэг ч хүн амьдардаггүй хоосон хотын нэр зохион тэр хотуудынхаа дарга гээч "элийрсэн" албан тушаалд хүн амьтан томилж байхаар одоо байгаа орон нутгийн суурин газруудаа тэлэн өргөтгөх, хот хүрээ газар болон хөгжүүлэх, бизнес, хөрөнгө оруулалт, ажлын байр бий болгох ажлыг цар хүрээтэйгээр эхлүүлэн бодит ажил болгох хэрэгтэй юм. Тэр ажлуудтайгаа уялдуулан урлаг уран сайхны болон суртал ухуулгын аян өрнүүлэх шаардлагатай билээ. Түүнээс биш буцаад л хөдөө нутаг сайхан гэж мянга сайхан юм яриад, дуу шүлэг болоод үр дүнгээ өгөхгүй л дээ. Яахав ганц нэг хүн хөдөө очиж амьдрах гэж хүсэх л байх, оролдох л байх. Гэхдээ бодит байдал гээч хүний ухамсар, сэтгэлгээнд нөлөөлөх цорын ганц хүч шүү дээ. Улаанбаатар сайхан гэхээр, Улаанбаатарт амьдрах сайхан гэхээр хүмүүс нөмрөөд ороод ирсэн юм биш Улаанбаатарт тэр бүхэн бодитойгоор байдаг учраас л хүмүүс нүүж ирсэн юм. Энэ бодит үнэнийг юуны өмнө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Тэгээд бас нүүн ирсэн хүмүүсийг ч буруутган нүд үзүүрлэх шаардлагагүй билээ.  Ажилтай орлоготой болж болох орчин руу тэмүүлэх хандлага буруу зүйл биш шүү дээ. Үүний төлөө хамгийн түрүүнд Үндсэн хуулийн бас нэгэн гажуудал буюу улс орноо ганцхан хоттой байхаар заасан заалтаа олон хоттой байхаар болгон өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөөд зогсохгүй орон нутгийн хотуудад шинэ төлөвлөлт хийн бодит ажил болгох шаардлагатай. Тэгж гэмээнэ Улаанбаатар хотын түгжрэл, утаа болон бусад проблемууд шийдэгдэнэ. Өөр гарц байхгүй. Түүний дараа хөдөөгийн хотууд Улаанбаатар шиг уран зохиолын дүрслэгдэхүүн болон янз бүрийн сонин сайхан үйл явдалтай зохиолууд ч аяндаа бичигдэж эхэлнэ. Дуу шүлэг ч ундарна. Монголчуудын нэг төвд тэмүүлсэн амьдрал, соёлын бөөгнөрөл олон төвт үзэгдэл рүү шилжинэ. Ухамсар, сэтгэхүйд ч өөрчлөлт орно. Энэ чигээрээ элдэв шийдэл ярин "ухантаад" суугаад байвал бүх сумын “Шинэ жил”, “Цагаан сар” Улаанбаатарт улам л хүрээгээ тэлэн өргөжин зохион байгуулагдаж, яваандаа сумын сургуулийн үсэглэлийн баяр, аварга малчны найр ч зохион байгуулагддаг болох биз ээ. Эцэст нь хэлэхэд бидний ухамсар сэтгэлгээнд нийтлэгээр ямар дүр зураг оршиж байна тэр бүхэн уран зохиолын дүрслэгдэхүүнд ямар нэгэн байдлаар өгүүлэгдэж тэр нь бодит ахуй амьдрал дээр бас л ямар нэгэн байдлаар биежин илэрдэг юм л даа. Ганцхан жишээ хэлэхэд сүүлийн үед янз бүрийн хутагт хувилгаан, хаад ноёд шиг дүр бүтээсэн хүмүүс хаа сайгүй л байдаг болсон. Энэ бүхэн сүүлийн жилүүдэд манай уран зохиолд нийтлэг болсон дүр дүрслэгдэхүүнтэй холбоотой гэхэд дэгсдэхгүй байх аа.

                                                                                                            2025.04.29.


Нийтлэгдсэн: 2025-04-29 15:14:15