ЗОХИОЛЧ Ц.БУЯНЗАЯА: Авьяасыг хөдөлмөрөөр орлуулах боломжгүй
Сэтгүүлч Х. Доржпаламтай хийсэн ярилцлага  /ERGELT.MN 2022-02-07/,    
 
           Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяатай ярилцлаа.Тэрбээр "Сэтгэл зүйн тууриуд", "Хар үхэр алга сүүдэр" романуудаараа уншигчдыг байлдан дагуулж, бүтээлд хайртай хүмүүсийн талархлыг хүлээгээд байгаа билээ.
 
-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Хаврын анхны зочин маань болон ярилцахаар ирсэнд баярлалаа. Сайхан шинэлсэн үү?
 
          -Юуны өмнө өөрт чинь болон танай сайтын уншигчдад сар шинийн мэнд хүргэе. Жил бүхний цагаан сар улам л өргөн дэлгэр болдог болжээ. Хэдийгээр цар тахлын үед ч гэсэн энэ жилийн цагаан сар өнгөтэй, сайхан боллоо гэж ингэж бодож байна. Миний хувьд шинийн нэгэнд Багануурт амьдарч байгаа өндөр настай ээждээ очиж золгодог. Тэгээд голдуу гэрээрээ. Цахим золголт хийгээд ойр дотнын ах, дүүстэйгээ ганц нэг айлаар орно. Тэр л жишгээрээ сайхан шинэллээ. 
 
-Цагаан сарын тухай мартагддаггүй, сайхан дурсамжаасаа хуваалцаж болох уу?
 
         -Би цагаан сарын баярт их ач холбогдол өгдөг. Яагаад гэхээр бага насны дурсамжтай л холбоотой юм даа. Далаад оны сүүлч, наяад оны эхэн үеэс л цагаан сарын баярыг тод мэддэг болсон. Тэр үед цагаан сар их сонин болдог байлаа шүү дээ.  Гацуур засаад, дэргэд нь ууц тавиад шинэ жилтэй хамт тэмдэглэдэг байлаа. Би хөдөө, сумын төвд өссөн хүүхэд. Тухайн үед суманд цагаан сар жинхэнэ утгаараа болно. Харин хот болон аймгийн төвд цагаан сар тэмдэглэдэггүй. Цагаан сарыг Малчдын баяр, цагаан сар гэдэг байсан юм. Тиймээс нэгдлийн малчид, сум нэгдлийн ажилчид гээд хөдөөгийн хөдөлмөрч түмэн ёстой нижгэр, дэлгэр тэмдэглэнэ. Харин суманд шинэ жилийн баяр цомхон болдог. Сургуулийн хүүхдүүд урлагийн номер үзүүлж, бэлэг сэлт аваад өнгөрдөг төдий л баяр байлаа. Энэ ч утгаараа тэр үеийн дурсамж, үйл явдлууд миний цагаан сарыг хүлээх, цагаан сард ач холбогдол өгөх шалтгаан болсоор ирсэн гэх юм уу даа. Ахан дүүс, ураг төрлөөрөө уулзаж, золгоно гэдэг хүүхэд насны гэрэлтэй, сайхан дурсамжуудад маань тийм нэг ер бусын сайхан мэдрэмж болж үлдсэн. Тийм ч учраас Улаанбаатар хотод амьдардаг ч гэлээ өвөг дээдсийнхээ ёс жаягийг дээдлэн, өөрийнхөө хэмжээнд ёс төртэй сайхан цагаалж, шинэлэхийг хичээдэг. 
 
-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ. Зарим зохиолч 2-3 бүтээл зэрэг эхлүүлээд, зэрэг бичээд явдаг гэдэг. Таны хувьд хэрхэн бичдэг вэ?
 
-Ерөнхийдөө бол нэг зохиол дээр онцлон төвлөрч бичдэг. Хажуугаар нь бичигдэж байгаа гэдэг юм уу, санаа боловсрогдож байгаа зохиол, бүтээлдээ бас бага зэргийн бичилт хийх, санаагаа тэмдэглэхийг орхидоггүй. Роман эхлүүлчихээд хажуугаар нь бас нэг роман бичдэггүй. Харин яруу найраг, өгүүллэг зэргийг томоохон хэмжээний уран бүтээлтэй зэрэгцүүлээд бичих тохиолдол түгээмэл. Саяхан би “Монгол уран зохиолын түүхэн товч”-ийн хоёрдугаар дэвтрийг хэвлэлтэд шилжүүлээд байна. Мөн жилийн өмнө бичиж дууссан романаа дахин боловсруулж сууна.
 
-Таныг “Сэтгэл зүйн тууриуд” номоо 10 гаруй жил бичсэн гэж сонссон. Хүүрнэл зохиолын богино туурвилуудын дотор туурь нь өвөрмөц өгүүлэмж, хурц содон шийдлээрээ ялгардаг. Тэгэхээр сэтгэл зүй тэр дундаа дүрийн сэтгэлзүйн тухай яриа дэлгэнэ үү?
 
 -Би сэтгэлзүйн 20 гаруй тууриуд бичсэн. Тэдгээрээс 18-ыг нь сонгоод ном болгож уншигчдадаа хүргэсэн. Анхны тууриудаа 2011-2012 онд бичсэн. Энэхүү зохиолуудыг уншсан хүн мэдэж байгаа байх. Хэв шинж, сэтгэлзүйн хэв маягаар нь дүрийн ертөнцтэй уялдуулан шингээж бичихийг эрмэлзсэн. Тэгэхээр зохиол гэдэг өөрөө туурвилзүйн талаасаа олон хэв маяг, элемент агуулж байдаг. Үүн дотор дүр, дүрийн ертөнцийг хэрхэн бүтээх вэ гэдэг бичиглэлийн чухал хэв маяг. Дүрийг заавал сэтгэлзүйн талаас нь бичихийн давуу, сул, илүү гэдэг юм байхгүй. Дүрийг яаж илэрхийлэх вэ, хэр ур чадвартайгаар илэрхийлсэн байна вэ гэдгээр л үнэ цэн нь хэмжигддэг. Хүний сэтгэл зүрхэнд гүн гүнзгий сэтгэгдэл үлдээсэн, уран сайхны талаас үнэ цэнтэй зохиолууд байдаг. Дүрийн сэтгэл зүйг бичих бол бас нэг сайн тал. Төгс төгөлдөр гэж бас үзэж болохгүй. Тухайн зохиолчийн бичих туурвих хүсэл тэмүүлэл, зорилго эрмэлзлэлтэй л холбогддог. Дүрийн сэтгэл зүйг нээн бичихэд тухайн дүрийг дотоод ертөнцөөс нь илэрхийлж байгаагаараа онцлогтой. Тэр нь амьдрал, юмс үзэгдлийг хэрхэн хүлээн авдаг, нээж үздэг, яаж хардаг гэх мэт зүйлийг илэрхийлэхэд тохиромжтой. Би бол дүрийн дотоод сэтгэл зүйг нээн бичихийг сонирхдог эрмэлздэг. 
 
-Та мөн л "Хар үхэр, алаг сүүдэр" романдаа гэмт хэрэгтний сэтгэл зүй, цагдаагийн тусгай ажилтны аналитик, логик сэтгэлгээний тухай бичсэн байдаг шүү дээ. Судалгаагаа хэрхэн хийдэг вэ?
 
-Томоохон хэмжээний бүтээлд судалгаагүй явна гэдэг боломжгүй зүйл. Дээшээ хараад сууж байгаад цэвэр уран сайхны зохиол гаргана гэдэг хэцүү. Яагаад гэвэл аливаа зохиолын цаана гаргах гэж байгаа санаа, үйл хөдөлгөөн, сэтгэл зүй нь хувь дүрийн юм шиг хэрнээ нөгөө талаасаа тухайн дүрийг, ажил мэргэжил, нас хүйс, хүсэл зорилго гэх мэт олон зүйлээр гаргах шаардлага үүсдэг. Тийм учраас ийм насны хүн юу хүсдэг, юу хардаг, мөрөөддөг байж болох вэ, ямар хандлагатай байж болох вэ гэдгийг тоймлон судлах зайлшгүй шаардлага үүсдэг. Тэр дундаа ажил мэргэжилтэй холбоотой зүйлсийг санаанаасаа зохиох боломж байхгүй. Судалгаан дээрээ үндэслээд зохиогч уран сайхны аргаар зохиомжлон  гаргана уу гэхээс судалгаа бариад нүцгэн үнэнг бичих юм бол уран сайхны шаардлага хангахгүй. Уран сайхны боловсруулалт хамгийн чухал зүйлсийн нэг л дээ.  
 
-Зохиолд дүр бүтээхдээ зан араншин, хэв маяг, дүр дүрслэлээс илүү уншигчидтайгаа хамт хөтлөгдөж явдаг дүрийн сэтгэл зүй хамгийн чухал шиг санагддаг. Энэ талаарх таны бодол?
 
-Бид бол дүр гэж үздэг. Харин уран зохиолын нэр томьёонд дүрийн характер гэдэг. Тэгэхээр араншин, хандлага, үзэл санаа гэх мэт дүрд холбогдох бүхий л эмоцийг агуулж байгаа гэсэн үг. Монголчууд нэгнээ гаднаас нь өөр өөрөөр илэрхийлж, дүгнэж болно. Харин гаднын хүн харвал нэг л хэв шинжийн хүмүүс шүү дээ. Ер нь хүн араншин, үйлдэл хөдөлгөөнөөрөө л ялгардаг гэж би хардаг. Тэгэхээр уран зохиолд энэ хэв шинжүүдийг илэрхийлэн бичих нь зохимжтой.
 
-Сүүлийн үеийн утга зохиолд уламжлалт сэтгэлгээ, дүрслэлийн аргаас зайлсхийх барууны болон орчин үеийн сэтгэлгээний бичлэгийн хэлбэрийг шүтэх, гаргахыг зорих нь илүү болсон. Энэ талаар таны бодол?
 
-Энэ тал дээр бид эхлээд ойлголтуудаа цэгцлэх ёстой. Уламжлал гэж юу юм, шинэчлэл гэж юу юм. Уламжлал, шинэчлэл хоёр шууд уялдаа холбоотой зүйл үү, салангид уу. Энэ хоёр зүйлийг хамт нь авч үздэг хүмүүс байдаг. Мөн уламжлал, шинэчлэл хоёр өөр хоорондоо ялгардаг зүйл гэж үздэг хүмүүс ч бий. Миний хувьд бол ямар нэг зүйл уялдаа холбоотой байх нь зүй тогтол гэж үздэг. Огт уялдаа холбоогүйгээр тэнд нэг хүн зохиол бичсэн нь цоо шинэ үзэгдэл болоод байх боломжгүй. Ямарваа нэг анхдагч зүйлээс баяжуулан хөгжүүлсэн, сэдэл аваад шинэчлэл, шинэ хэв маяг үүсгэсэн гэх мэт зүйл байдаг л даа. Миний хувьд уламжлал, шинэчлэл хоёр нэг талаасаа уялдаа холбоотой, нөгөө талаасаа салангид зүйл гэж үздэг. Би уламжлалаа дагаж байна гээд Б.Явуухулангийн шүлгийг тойруулаад л бахархаад байвал яаж үндэсний уран зохиол хөгжих юм бэ. Харин уялдааг судлаад шинэ зүйл үүсгэх хэрэгтэй. Тиймээс уламжлалыг үргэлжлүүлээд авч явахаас илүү эхлээд судалж мэд, өөрийнхийгөө бүтээ гэж хэлмээр байна. Барууны болон өрнөдийн зохиолын нөлөөнд орлоо гэдэг яриа бий. Энэ бол байгаа ч зүйл. Оюун санааны колоничлогдсон хэв маяг юм даа. Өрнийн уран зохиолыг хэт их шүтэх, хуулбарлан бичих нь шинэ колоничлолын бодлогод орчихлоо гэсэн үг. 1945 оны дайны дараа хүн төрөлхтний уламжлалт колоничлол дууссан юм. Харин 1950-аад оны сүүлч 60-аад оны эхэн үед шинэ колоничлолын арга бий болсон. Энэ нь эдийн засгийн болон соёлын хэлбэрээр хийгддэг. Тиймээс гаднын соёлыг шүтэж, өөрийн соёлыг үгүй хийх хандлага бий болдог. Үүнийг хүмүүс шинэчлэл гэж ярьдаг. Энэ бол шинэчлэл биш. Шинэчлэл бол уламжлалыг сайжруулан баяжуулах түгээх, таниулах явдал. Уран зохиолоор зогсохгүй соёлын харилцаан дээр хэтэрхий өрнийн соёлыг сохроор шүтэн бишрэх, даган дууриах, хуулбарлах чиг хандлага нэлээд бий болсон. Бид энэ байдлаасаа хурдан л гарах ёстой. Тэгж чадахгүй бол үндэснийхээ хувьд, оюун санааны хувьд бууран доройтно.
 
-Орчин үеийн Монголын үргэлжилсэн үгийн зохиолууд хэр дэвшилттэй байх шиг санагддаг вэ?
 
-Би саяхан бичиж дууссан “XX зууны уран зохиолын түүхэн тойм” дээрээ энэ талаар бичсэн байгаа. 2000-аад оны  дунд үеэс одоог хүртэл тоймлох нөхцөл нь бүрдээгүй. Харин сэтгэгдлээ хэлж болно. Харин 1990-д оноос 2000-оны эхэн хүртэл бол хэв маяг, хэв шинжүүдээр нь тоймлоод бичсэн. Үүнээс ялгарал бий болсон. Уламжлалт бичгийн арга барилууд 90-ээд оноос өөрчлөгдсөн, шинэчлэл байгаа. Үүнийг таньж мэдрэх, ойлгох, ухаарах нь жаахан тааруухан байна.
 
-Үг хүнийг захирдаг, хүн үгийг захирдаг гэж зохиолчид өөр өөрсдийн байр суурийг илэрхийлэх юм. Таны хувьд?
 
        -“Библи сударт үг үүссэн. Үүний дараа хүн үүссэн" хэмээдэг. Гэтэл Фауст жүжигт эл үгийг "Энэ бол агуулга юм. Агуулгын дараа үг, ойлголт бий болно" гэсэн санаа гаргасан байдаг. Тэгэхээр би бол үг хөөхгүй. Агуулгаа хардаг. Тэгэхээр зохиолын агуулгыг зохиолч л гаргана. Түүнээс биш, агуулга гэнэт бий болоод түүнд нь зохиолч захирагддаг бол зохиол бичээд яах юм. Үнэхээр захирагддаг бол хүн зохиол бичих ямар шаардлага байх юм. Нэг ёсондоо энэ тэнд бэлэн байж байдаг зүйл. Тэрийг хүн нээж хараад л буулгачихдаг гэж үү. Би үгүй гэж боддог шүү. Үгээр бид агуулга л бүтээдэг. Харин тэр агуулгыг тухайн зохиолч туршлага, боловсрол, чадвар, авьяас билэг олон талын нийлэмжээр илэрхийлдэг. Эцэст нь, үг зохиолчийг захирна гэж байхгүй.
 
- Та үе тэнгийн уран бүтээлчдийн нөхөрлөлийн тухай сонирхолтой яриа дэлгэж болох уу?
 
-Миний насныхны, үе тэнгийнхний уран зохиолд орж ирсэн үе бол нийгмийн шилжилтийн үе байсан. Тэр он цагийн хүнд хэцүү байсныг нь ярихгүй. Хүнд байсан ч санагддаггүй. Өнгөрсөн юм болоод тэр байх. Гэхдээ туулж явахдаа ч хэцүү гэж бодож яваагүй. Туулах ёстой зам минь л хүсэл мөрөөдлийн зүг тэмүүлж байсан. Тэр тэмүүллийн дунд л залуу нас өнгөрчихсөн байсан. Энэ үед үе тэнгийн уран бүтээлчид гэдэг сайхан хүмүүс, сайхан нөхөрлөл байдаг. Тэд байгаагүй бол миний залуу нас ямар хөг аялгуугаар дутах байсныг хэлж мэдэхгүй байна. Хүүхэд ахуй наснаасаа л шүлэг бичиж эхэлсэн. Төрж өссөн нутагт минь яг надтай адил сонирхолтой хүүхэд байгаагүй. Хүүхэд бүхэн л өөр өөрийн хүсэл мөрөөдөлтэй. Тэр дундаас сонирхол, хүсэл нэгтэй найзыгаа олно гэдэг гайхамшигтай үйл явдал байдаг юм билээ. 1990 онд анх оюутан болоод танилцсан уран бүтээлч найз маань Галсансүх байж билээ. Тэгээд Содномнамжил, Анудар гуравтай нэг жил оюутан болсон. Шүлэг бичдэг хүүхдүүд л байсан даа, тэр үед. Тэдэнтэйгээ гэгээн тунгалаг нөхөрлөж, он жилүүдийг хамтдаа туулсан гэж бодож байна.
 
-Залуучууд авьяас чухал уу, хөдөлмөр чухал уу гэх юм. Үргэлжилсэн үгийн зохиол бичихэд яг аль нь илүү шаардлагатай вэ?
 
-Би энэ тал дээр байнга л хэлдэг. Би нэг зүйлд эргэлзэхгүй байгаа. Мэдээж сайн зохиол бичихэд мэдлэг, чадвар, боловсрол, хөдөлмөр энэ бүгд чухал. Миний бодлоор авьяас дан ганц байгалийн өгөгдөл. Авьяасыг хөдөлмөрөөр орлуулах боломжгүй.
 
-Та нэг ярилцлагадаа “Жинхэнэ зохиолчийн ном зарагддаггүй” гэсэн байсан. Яагаад тэр  вэ?
 
-Би энэ цагийн мунхаглалд дургүйцлээ илэрхийлсэн юм. Олон ном нь зарагдсан зохиолчдыг манайхан сайн зохиолч гэж дүгнэдэг. "Тэр зохиолчийн ном их зарагдаж байгаад та нар юундаа атаархаад байдаг юм" гэдэг үг их сонсогдсон. Мөн чанартаа бол шилдэг зохиол бүтээл цаг үеэсээ үргэлж түрүүлж байдаг. Араас нь уншигчид боловсорч гүйцдэг юм. Тухайн цаг үедээ олныг шуугиулаад байсан зохиолууд цагийн шалгуурыг давдаггүй. Энэ нь тухайн үеийнхээ хүмүүсийн сэтгэл зүй, оюун санаанд таараад байна гэсэн үг.
 
-Шүлэг бичиж буй одоогийн залуучуудыг нэг хэвэнд цутгасан мэт адилхан сэтгэж, бичиж байна гэж ихэд шүүмжлэх юм. Энэ тал дээр та ямар суурьтай байна вэ?
 
       -Би шүүмжлэж байгаа хүмүүстэй адилхан байр суурьтай байна. Яагаад гэхээр шүлэг бичиж буй залуус таашаалаа нэгтгэчихсэн. Шүлгүүдийг нь нэгтгээд ном гаргавал ялгагдахгүй адилхан байна. Энэ яаж байна гэхээр Дорж сайн гэхээр түүнийг дагаж номыг нь уншдаг болчихсон. Нэг талдаа туйлшрал юм даа. Ийм байдал эргэн тойронд чинь байгаа бол үтэр түргэн салаад өөрийгөө олох нь зөв. Мөн уран зохиолын хичээл зааж байгаа сургуулиудын чадамж муу болсон юм болов уу гэж харагддаг. Уг нь уран зохиолын хичээл заалгасан хүн өөр өнцөг харж чадах чадвартай болсон байдаг юм.
 
- Жил жилийн Болор цом наадам хэл ихтэй болох юм. Энэ наадам ер нь байх хэрэг байна уу?
 
        -Болор цом наадам байх ёсгүй. Би хэзээ ч уралдаж тэмцэлддэг зүйл таатай байгаагүй. Уралдаан тэмцээнийг бага наснаасаа л эсэргүүцэж ирсэн. 1995 онд “Найргийн титэм цаасан малгай” гээд шүүмж бичиж байсан. Өөрөө ч энэ салбарын албыг аваад ажиллаж байхдаа "Байхгүй болгочих юм сан" гэж их бодож байлаа. Саналаа ч илэрхийлж байлаа. Миний хувьд "Болор цом шиг наадмуудыг байхгүй болгох юмсан, зүгээр сайхан яруу найргийн уншлага хийгээсэй" гэж боддог. Уралдаан тэмцэлдээний дараа ямар ч хүн сэтгэл дүүрэн үлддэггүй. Хүний дотоод сэрэл мэдрэмж, таашаалыг уралдуулна гэж юу байсан бэ.
 
-Уншигчдын тухайд та юу хэлэх вэ. Нэг үе “Монголчууд ном уншихаа байчихлаа, юм уншдаг хүнгүй боллоо” гэж байсан бол одоо “Ном гайгүй сайн борлогдож байна, тэгэхээр ном уншдаг залуус нэмэгдэж байна” гэх болсон. Жинхэнэ мөн чанартаа залуус үнэхээр уншиж байна уу, уншиж байгаа нь зохиолчид хэрхэн мэдэгддэг вэ, ер нь залуус уншиж байгаа эсэхийг мэдэх боломжтой юу?
 
-Энэ тал дээр уран зохиолын номуудын сонголтыг харахад ахиц харагдахгүй байгаа. Залуучууд хөнгөн бичлэгтэй, ойлгоход амар зохиолуудыг уншиж байх шиг. Энэ үзэгдэл бол өмнө нь ч байсан, цаашдаа ч байна. Гэхдээ түүний цаана уран зохиолын мэргэжлийн үнэ цэнийг агуулсан сайн ном маш цөөн ч бий. Түүнийг олж уншигчид ч бас байна. 
 
-Залуу зохиолч, уран бүтээлчдийг та ямар сэдвийг түлхүү хөндөөсэй гэж хүсдэг вэ?
 
 -Сэдэв бол чөлөөтэй. Хамгийн гол нь уран зохиолын хөдөлмөр гэдэг бол хар ажил юм аа. Үүнийг босон, суун хийдэг ажил огт биш. Тухайн бичиж байгаа зохиол бүтээл нарийн дархны ажил шиг, газрын гүнээс олборлолт хийж байгаа уурхайчны олз шиг уйгагүй хөдөлмөр байдгийг ойлгож, хандаасай гэж хүсэж байна.

Нийтлэгдсэн: 2023-01-09 18:11:13