НЭГ ШҮЛГИЙН НОМ, НЭГ ШҮЛГИЙН ҮНЭ ЦЭНЭ

Нэрт монголч эрдэмтэн Гумилеев түүхэнд тод томруун үлдсэн, хэн бүхний мэдэх томоохон үйл явдал бус хүний санаанд оромгүй, анхаарал татамгүй жижиг гэж үзэгддэг тийм зүйлс л түүхэнд гайхамшигт үүргүүдийг хүлээж ирсэн байдаг хэмээн томьёолсон байдаг. Хүний нийгмийн бүхий л цаг үеүдийн өнгөрсөн цаг үеийн улбааг эргэн шинжлэн харахад Гумилеевийн хэлсэн дээрх санаа  үнэний ортой байдаг гэдгийг мөн л олон арван судлаачид дурдсан байдаг. Монголын түүхэнд ч гэсэн бидний анхаарлыг үл татаж ирсэн хэрнээ монголын ард түмний түүхэн хувь заяанд жинтэй үүрэг хүлээж ирсэн тийм үйл явдлууд ч цөөнгүй байдаг.  Бид ярьж буй сэдэвтэйгээ уялдан энд нэгэн жишээг татах нь зүйн хэрэг гэж үзэж байна. 17 дугаар зуунд, тухайлбаас 1624 оны 1 дүгээр сарын 18 нд буюу билгийн тооллоор хулгана жилийн эхин сарын 18 -наа Дайчин хиа, Гүен баатар нар Цогт тайжийн 1621 оны намрын тэргүүн сарын шинийн нэгэнд Хангай ханы Цэцэрлэгийн хойд ууланд хуягт халтраа унан авд явж байхдаа зүүн зүгт харан халуут эгчээ буюу авга эгчээ санан дурсан уяран шүлэглэсэн нэгэн шүлгийг Дуутын хар хаднаа чулуунаа барлан сийлэн бичиглэн үлдээжээ. Дайчин хиа, Гүен баатар нарын тэрхүү үйлдэл нь тэр цагтаа ч, тэр цагаас хойш 300 –аад жилийн туршид хэний ч анхаарлыг үл татан жавар шуурганд ороолгуулан,  мөндөр цасанд нүдүүлэн он оныг үджээ. Харин  хүний түүхийн олон жарныг элээсний дараа буюу 288 жилийн дараа 20 дугаар зууны эхээр 1912 онд монголч эрдэмтэн В.Л. Котвич монгол орноор эрдэм шинжилгээний ажлаар богинохон хугацаанд ирээд буцахдаа Дуутын хар чулуу гэдэг газар нэгэн монгол бичгийн дурсгал чулуун дээр байдаг тухай олж сонссоноо, Цогт тайжийн уугуул нутгийн хүмүүн Гадаад яамны сайд Ханддорж чин ванд уламжлан хуулбарлан буулгаж өгөх хүсэлтийг тавьжээ. Ханддорж чин ван уг хүсэлтийг нь биелүүлснээ эрдэмтэн Жамсраны Цэвээнээр дамжуулан Котвичид уг хадны бичээсийг хүргүүлсэн байна. Котвич өөрт олдсон хуулбар эхээ  монголын уран зохиолын судалгаанд гаршсан нэрт эрдэмтэн Владиморцовын судалгааны ажилд хэрэглэгдэхүүн болгохоор өгсөн байдаг. Монголч эрдэмтэн Владиморцов уг бичээсийг тайлан уншиж “Халхын Цогт тайжийн хадны бичээс” хэмээх  эрдэм шинжилгээний өгүүлэл бичин 1926 онд нийтийн хүртээл болгосон байна. Тэгэхдээ Монголын бичгийн уран зохиолын өв дотор Цогт тайжийн шүлэг нь нүүдэлчдийн сэтгэлгээний гайхамшигийг тусган харуулсан цорын ганц бичгийн дурсгал болсныг онцлон дурдсан байдаг. Ингэж 17 зуунд хэний ч анхааралд өртөлгүйгээр нэг шүлгээр чулуун ном барлан бүтээсэн Дайчин хиа, Гүен баатар нарын тэрхүү үйлдэл нь нэгдүгээрт Халхын Цогт Хун тайжийг суу билэгт яруу найрагч байсан гэдгийг түүхэнд мөнхжүүлэн үлдээсэн, хоёрдугаарт, 17 дугаар зууны үеийн Монголын уран зохиол, тэр тусмаа яруу найргийн урлахуйн эрдэм, туурвилзүй, тэр үеийн үндэсний бичиг соёлын онцлогыг хойч үедээ өвлүүлэн үлдээх их хэргийг үйлджээ гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэдэг юм. Цогт тайжийн хадны шүлгээс тэр үеийн нийгмийн амьдралын ерөнхий хэв шинж, Буддын шашин хэрхэн дэлгэрч байсны хандлага, тэр үеийн хүмүүсийн хүн хоорондын харилцаа, амьдралын үнэ цэнийг үзэх үзэл санаа гэх мэт олон зүйлүүдийг тодруулан харж болно. Хэрвээ Дайчин хиа, Гүен баатар нар  Цогт тайжийн шүлгийг тийнхүү чулуунаа барлан үлдээгээгүй бол өнөөдөр бидэнд үндэсний өв соёлоороо бахархах бахархалаас юугаар ч нөхөн орлуулж болшгүй томоохон хохирлыг үүсгэх байсан нь тодорхой юм. Хэнд ч үл анзаарагдах жижиг гэмээр үйл явдал түүхийн өмнө аугаа том үүрэг хүлээдэг гэсэн нэрт монголч эрдэмтэн Гумилеевийн үг хэрхэн биеллээ олж байгааг бид ганцхан энэ жишээнээс харж болно. Нөгөө талаас нэг шүлэг түүхэнд ямар их үүрэг хүлээж ирж болдог вэ гэдгийг  бас эндээс анзаарч  болно.

Цогт тайжийн нэг шүлгээр чулуун ном барлан үйлдсэнээс хойш 388 жилийн дараа буюу 2012 онд Цогт тайж, Ханддорж вангийн нутагт төрсөн Дамдинсүрэнгийн Урианхай хэмээгч билэгт найрагчийн “Инээд шиг хуучин хүний амьдралд” хэмээх шүлэг Дэлхийн нэг шүлгийн номын шалгуурт шалгарч Ази тивээс тодорсон анхны нэг шүлгийн ном болсон нь зүй ёсоор анхаарал татаж байна. Буддын шашны тэргүүн 14 дүгээр Далай ламаас Америкийн нэгэн сэтгүүлч:

 “-Та дэлхийн од болсон хүмүүсээс хэнийг нь илүү их үнэлж явдаг вэ? гэж асуухад Далай лам,

“-Од гэж та нар спорт, урлагийн хүмүүсийг хэлж байна уу, би оюун санааны ертөнцөд л бүтээл туурвилаа үлдээсэн хүмүүсийг л хүн төрөлхтний гайхамшигт хүмүүсээр нэрлэх ёстой  болов уу л  гэж  бодож явдаг юм” хэмээн хариулсан байдаг. Монгол найрагчийн нэг шүлэг дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн хэл дээр орчуулагдан бие даасан ном болон гүн хүндэтгэлтэйгээр хэвлэгдсэн нь нэг талаас өнөөгийн Монголын яруу найргийн хөгжлийн төвшин дэлхийн дайдад хүрснийг, нөгөө талаас монголчуудын оюун санааны цар хүрээ олон улсын хэмжээнд үнэлэгдэх хэмжээнд очсоныг харуулсан чухал үйл явдал болсон юм. Гэвч энэ үйл явдал нь хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зурвас төдий дурдагдан өнгөрч  буй нь өнөө цаг үеийнхний анхаарлыг төдийлөн татсан зүйл болоогүй хийгээд монголчуудын аливаад хандах хандлага нь  оюунлаг ертөнц рүү бус  материаллаг орчин луу илүү их тэмүүлэлтэй байгааг харуулж байна гэж ойлгогдож байгаа. Ер нь монголчууд бид оюунлаг ертөнцийн амжилт, ололтыг төдийлөн ойр биш хүлээж авдаг гэдгийг олон жишээгээр дурдаж болно. Аливаа улсын хөгжил дэвшлийг зөвхөн эдийн засгаар бус оюун санааны туурвилаар хэмжин дүгнэх ч шаардлагатай байдаг, тийм аргачлал, тийм хэв загварууд ч байдаг. Энэ бүхнийг юуны учир дурдав хэмээвээс яруу найрагч Д.Урианхайн “Инээд шиг хуучин хүний амьдралд” нэг шүлгийн ном хэвлэгдэн гарсан нь монголчууд бидний хувьд өндрөөр үнэлэх ёстой, үнэ цэнийг нь ойлгох ёстой тийм үйл явдал болсон гэдгийг тодотгон өгүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Тийм бөгөөс яруу найрагч Д.Урианхайн бүхэл бүтэн ном болон барлагдсан энэхүү шүлэг нь ямар үнэ цэнийг агуулж байгааг цухасхан ч атугай тайлбарлан өгүүлэх нь зүйд нийцэх байхаа гэж үзэж байна.

Уран зохиол, яруу найраг нь орчин үед хүмүүний дотоод ертөнцийн субьектив өгүүлэмжид тулгуурлагдан хувь ганц бодгалийн сэрхүй, мэдрэмж, сэтгэлгээний тусгал болгон бүтээгдэх хандлага дээр хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлон туурвигдаж байна. Ийм хандлага нь тухайн үндэстний уран бүтээлчдийн өөрийн гэсэн хэв маягтай уягдан боловсорч гэмээнэ сая тэрхүү бүтээл туурвил дахин давтагдашгүй үнэт бүтээл болон нэрлэгдэж байгаа юм. Д. Урианхайн “Инээд шиг хуучин хүний амьдралд” шүлэг нь энэ шинжийг илтэд тусган харуулж чадсанаараа үнэ цэнтэй бүтээл болж чадсан билээ. Тухайлбал:

“Инээд шиг хуучин хүний амьдралд

Нулимс шиг халуун байх

Маргааш шиг ойр байх

Магад ирэх үхэл шиг

Давтагдахгүй байх”  хэмээсэн эхний бадагт яруу найрагч өөрийн амьдралыг үзэх хувь ганц дотоод итгэл үнэмшилээ дэлгэн үзүүлжээ. Гэвч энэ хувь ганц итгэл үнэмшил нь ерөөсөө хүний амьдралын мөн чанрыг нээгээд зогсохгүй түүнд хандах өөрийн гэсэн хандлагыг бас дахин нээснээрээ үнэт зүйлийг бүтээж өгч байгаа юм. Урлаг нээдэг, шинжлэх ухаан баталдаг гэдэг үг байдаг. Тэгвэл бид Д.Урианхайн энэхүү шүлгээс сэтгэлгээний нээлтүүдийг  л харж болно. Байдаг л нэг хуучин хүний амьдралд нулимс шиг халуун байж болох нь, маргааш шиг ойр байж болох нь, үхэл шиг давтагдахгүй байж болох  нь нэг талаас хувь бодгалийн нээсэн хандлага байж болох ч нөгөө талаас энэ нь бүхий л хүмүүсийн амьдралыг үзэх түгээмэл хандлагатай дүйж болох зүй тогтолтой юм. Энэ хандлага нь шүлгийн дараагийн мөрүүдэд улам ч гүнзгийрч тодорч харагддаг.

“Нулимс шиг хуучин хүний амьдралд

Мөрөөдөл шиг гэгээн байх

Хайргүй хүндээ ч хайр олох

Харагдахгүй бурхан

Мартагдахгүй гомдолдоо

Уйлахгүй тэсэхээр цайлган байх”  гэсэн хоёрдугаар бадагтаан мөн л эхний бадгийнх шигээ дотоод итгэл үнэмшлээ илэрхийлсэн байхаас гадна илүү нарийн төвөгтэй орчныг бүтээсэн байдаг. Жишээлбэл, эхний бадагт гардаг инээд шиг хуучин хүний амьдралд  нулимс шиг халуун, маргааш шиг ойр, үхэл шиг давтагдашгүй байх нь хоёрдугаар бадгийнхаа өгүүлэмжүүдийн  дэргэд энгийн өгүүлэмж болж хувирдаг. Хоёрдугаар бадагт, нулимс шиг хуучин хүний амьдралд хайргүй хүндээ хайр олох, харагдахгүй бурхан, мартагдахгүй гомдолдоо уйлахгүй байх гэж өгүүлсэн нь илүү их хүч шаардсан, илүү их бодрол бясалгал шаардан байж итгэл үнэмшлээ болгон хүлээн зөвшөөрөх өгүүлэмж болсон байдаг. Энэ мэтээр гуравдугаар бадагт, амьдралын учир утгад  бүр нарийвчлан хандаж гомдол шиг хуучин хүний амьдралд өнөөдрийнх шиг уйтай өдрийг дахиад яасан ч тэвчихээргүй тэсрэмтгий байх, өчигдрийнх шиг, уржигдрынх шиг утгагүй тарчлах удаан өдрөөс дахиад яасан ч амьд үлдэхээргүй тэрсүүд байх хэмээн өмнөх бадгуудынхаа өгүүлэмжүүдийг эрс эргүүлэн амьдралд хандах, ертөнцийг үзэх үзэлдээ шинэ өнцөг, шинэ үзэл санаа гарган өгүүлдэг. Харин шүлгийн төгсгөл хэсэгт энэ бүх өгүүлэмжүүдээ хураангуйлан зангидаад:

“Инээд шиг хуучин

Нулимс шиг хуучин

Гомдол шиг хуучин

Харагдахгүй бурхан шиг

Хүний амьдралд

Байхгүй юм шиг нь

Шинэ байх

Байгаа бүгдээс нь

Мөнхөд өөр байх”  тухай үзэл санаагаа дэвшүүлсэн байдаг. Энэ бүхэн нь нийтлэг хэрнээ нийтлэг бус, тодорхой үзэл санааг дэвшүүлж буй хэрнээ мөн төдий чинээ түгээмэл бус санааг гаргасан нэг шугамт бус олон шугамт тайлбарыг шаардсан бүтээл гэдгийнх нь илэрхийлэл болж байна. Ер нь орчин үед уран зохиолын үнэ цэнэтэй бүтээлүүд нэг шугамаар биш олон шугамаар тайлбарлагдах болсон, заримдаа бүр тайлбарлахын аргагүй төвөгтэй байдлыг үүсгэдэг хандлагатай болсон. Учир нь яруу найраг нь сэтгэлгээний өндөр төвшинд хүрч хөгжсөн учраас ахуйгаас илүү холдож, байгаль юмс үзэгдлийн яруу сайхныг ил цагаан магтан шүлэглэх, хэлний уран яруу байдлыг илэрхийлэх хандлагаасаа холдож сэтгэлгээний дотоод орчин луу тэр тусмаа хувь уран бүтээлчийн идеал, субьектив хандлага руу нэвтрэн илэрхийлэгдэх болсон улмаас шууд  оноон тайлбарлах боломжгүй болсон билээ. Ийм учраас яруу найрагч Д.Урианхайн энэхүү шүлэг нь орчин үеийн сэтгэлгээний яруу найргийн үнэ цэнэтэй бүтээл болох нь дээрх хүчин зүйлүүдээр  тодорхойлогдож байгаа билээ.

Эцэст нь өгүүлэхэд өдийгөөс 400 –аад жилийн тэртээд чулуун сударнаа барлагдан үлдсэн Цогт тайжийн нэг шүлэг 17 зууны монголчуудын оюун санааны өв болон үлдэж, монгол хэл, соёлын гайхамшигийг хувь ганцаараа үүрэн үлдсэн түүхэн үүрэг хүлээсэн шиг яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайн “Инээд шиг хуучин хүний амьдралд” хэмээх нэг шүлгийн ном 21 зууны эхин үеийн монгол хүний оюун санааны чадамж, монголын яруу найргийн хөгжлийн тэргүүлэх хандлагыг хүн төрөлхтөнд таниулсан түүхэн үүргийг хүлээн үлдлээ гэж дүгнэн үзэж болно. Ер нь яруу найрагч Д.Урианхай нь шүлэг, роман, тууж, өгүүллэг, философи сэтгэлгээний нийтлэл, өгүүллийн 30 гаруй ном уншигчдын хүртээл болгосон баялаг өвтэй зохиолч юм. Тэдгээр туурвил бүтээлүүдийг нь судлаачид өндрөөр үнэлж ирсэн бөгөөд эргэн харах нарийвчлан судлах шаардлагууд ч зүй ёсоор урган гарсаар байна. Түүнчлэн нэрт монголч эрдэмтэн Гумиллеевийн хэлсэнчлэн сүр дуулиан багатай анзаарагдамгүй шахам өнгөрсөн тийм үйл явдлууд түүхэнд томоохон үүргийг хүлээж ирсэн байдаг үг Д.Урианхайн нэг шүлгийн номонд ч хамаарах болно гэдэгт миний хувьд итгэлтэй байна. Учир нь урьд өмнө Монголын яруу найргаас олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөн дэлхий дахины томоохон номын сангуудад хүндтэй байранд залагдсан бүтээл туурвил хараахан гараагүй байсан юм. Тиймээс энэхүү шүлэг нь, энэхүү нэг шүлгийн ном нь орчин үеийн Монголын яруу найргийн хөгжлийн хандлагыг тодорхойлсон бүтээл болсноороо хожмын түүхэнд үнэ цэнэ нь илүү тод харагдах болно гэж хэлэхэд хэтийдсэн дүгнэлт болохгүй гэж үзэж байна.

 

 

 


Нийтлэгдсэн: 2024-08-15 16:47:09